Блог

Огноо:

2020/03/26

Унших хугацаа:

Ангилал:

Нийгэм

Үсгийн хэмжээ:

TUS SOLUTION: БАЙГУУЛЛАГЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ОНОШИЛЖ, ЭМЧИЛЖ, БЭХЖҮҮЛНЭ

Нийтэлсэн: ЗСДС


Бие маань өвдвөл бид эмнэлэг очиж, шинжилгээ өгөөд оношоо тогтоолгуулж жор бичүүлж авдаг даа. Зарим тохиолдолд эмнэлэг эмчилгээгээ гардан хийж, үр дүнг хянаж явсаар бүрэн эдгээдэг. Тэгвэл ажилладаг байгууллагын тань үйл ажиллагаа доголдож, нэг л болж өгөхгүй байвал яадаг билээ? Ихэнхдээ л хэн нэгнээс бурууг хайж, зөв хүн зөв ажлыг хийхгүй байна, эсвэл ажлаа зөв хийхгүй байна гэсэн дүгнэлт хийх гээд байдаг. Харин угтаа энэ нь тогтолцооны асуудал байдаг аж. Өнөөдрийн дугаартаа бид байгууллага “өвдсөн” тохиолдолд дээр дурдсан үйлчилгээнүүдийг бүгдийг хийн эрүүлжүүлдэг, асуудал дутагдлыг тогтолцоогоор нь засаж, зөв гольдрилд оруулдаг TUS Solution үйлчилгээг танилцуулж байна. Монголдоо анхдагч гэж болох энэ аргачлалыг бий болгосон, тус компанийн захирал Д.Жаргалсайхантай уулзсанаа хүргэе.

Бизнесийн нэр: TUS Solution
Хаяг: Mакс Молл-ын хойно, Colorado Business Center 308 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Менежментийн зөвлөх үйлчилгээ, төслийн хөрөнгө оруулалт
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2017 он
Үүсгэн байгуулагч: Д.Жаргалсайхан
Вэбсайт: www.tussolution.mnTUSSolution LLC

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Бид үйл ажиллагаагаа анх 1997 онд геологи, уул уурхайн чиглэлээр зөвлөх үйлчилгээгээр эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бизнес маань хүрээгээ тэлж, олон салбарт хөрөнгө оруулалт хийж, 17 охин, хараат компанийг багтаасан групп компани болж өргөжөөд байна. Гэхдээ энэ бүхэн амар байгаагүй. Өнгөрсөн хугацаанд алдаа дутагдал олныг гаргасан. Доголдол саатал гарах бүрт бид засах урагшлах шийдлийг эрэлхийлдэг байлаа. Ингээд өөрсдийн олон жил хуримтлуулсан туршлагыг системийн онолтой уялдуулан байгууллагын эрүүл мэндийг сайжруулах суурь шийдэл болох ТУС үйлчилгээг санаачлан гаргаж, 2017 онд компаниа группийн нэг хэсэг болгон үүсгэн байгуулаад байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Мэдээж толгой компаниас санхүүжилт авсан.  

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Хүний бие өвдөхөд эмчид хандаж, эмчилгээ хийлгэдэг. Үүнтэй адил байгууллагын үйл ажиллагаа доголдвол түүнийг шинжилж, оношилж, сайжруулах үйлчилгээг бид Монголдоо анхлан нэвтрүүлээд байна. Байгууллага янз бүрээр доголддог. Ажилтнууд нэг зорилгын төлөө явахгүй байх, цалингийн систем шударга биш байх, хариуцлагын тогтолцоогүй байх гэх мэт төрөл бүрийн л асуудлууд бий. Энэ тохиолдолд байгууллагууд суурь шинжилгээ хийлгүй хэн нэгнийг буруутгах, хүний үйл ажиллагаанаас боллоо гэж үзэх нь элбэг. Гэтэл Японы эдийн засгийн гайхамшгийн эцэг, америк профессор Эдвардс Демингийн хэлснээр бол байгууллагын доголдол нь 98 хувь нь тогтолцооны асуудал байдаг.

Яахав манайд зөвлөх компаниуд олон бий л дээ. Гэхдээ тэд голдуу олон улсын аргачлалыг нутагшуулах, бэлэн шийдэл нэвтрүүлэхийг зорьдог. Манай онцлог гэвэл бид бэлэн юм хайлгүй, өөрсдөө туршиж бодож олсон аргачлалаа онолын мэдлэгтэй хослуулан гаргаж ирсэн. Бид байгууллагыг оношлох шинэ системийг боловсруулсан. Эрүүл байгууллагын шинжүүдийн тоон хэлбэрт оруулж индекслээд, үүнийгээ аливаа байгууллагыг тоо өгөгдөлтэй харьцуулж, асуудлуудыг нь олж тогтоох юм. Одоогоор шинэ үйлчилгээ учраас зөвлөх үйлчилгээ гэж дөхүүлэн ойлгож болно. Гэхдээ бид зөвхөн зөвлөхөөс илүү бүтээж, тооцоон судалгааны үндсэн дээр бодит шийдэл гаргаж, түүнийг хөрөнгө оруулалттай хослуулж буй гэдгээрээ хавьгүй гүнзгий түвшинд, өргөн хүрээтэй ажиллаж байгаа юм. Энэ жилдээ багтаад бид хөрөнгө оруулалтын үйлчилгээгээ нэмж, цаашлаад бие даасан мониторинг хийдэг болохоор төлөвлөж байна.

Манай багийнхны хувьд надтай олон жил хамт ажилласан, хал үзэж үзэж халуун чулуу долоосон хүмүүс. Бид энэ аргачлалаа өөрсөд дээр нэг жилийн турш туршиж, энэ явцдаа ихээхэн судалгаа хийж онол номыг нь үзэж, эерэг үр дүн гаргасан. 

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Үнэ цэнэ бүрдүүлэх бизнесийн системийг бий болгох, төлөвшүүлэх, дэмжих үйлчилгээгээр тэргүүлэгч компани болно гэж бид зорилгоо тодорхойлсон. Байгууллагуудын тогтолцоог системчлэхийг зорино гэсэн үг. Системчлэх гэх энэ үгээс айгаад, сүрддэг тохиолдлууд бий. Үндсэндээ сэтгэлгээг эмх цэгцэнд оруулна гэж хэлж болох юм.

Байгууллагуудыг харахаар ихээхэн эмх цэгцгүй явдаг юм байна. Бид нэг удаа багаараа баахан маргалдсан юм. Тэгэхээр нь бид яагаад маргав хэмээн ажил гэдгийг юу гэж ойлгож байгаа юм бэ гээд бүгд бичээд үзтэл энэ ойлголтыг таван янзаар ойлгож байсан. Тэгээд хүн бүр өөрийн зөв л гэж бодно. Цэгцгүй сэтгэлгээнээс болоод өөрийн зөв, бусдын буруу гэдгийг нотлохыг улайрч, хамаг нөөцөө алдаж орхидог. Тэгэхээр байгууллагын эрүүл мэндийг сайжруулах нь ажилтнууд хэрэглэж байгаа үгнүүдээ нэг утгаар ойлгохоос эхэлнэ дээ.  

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ, ҮНЭТ ЗҮЙЛС ТАНЬ ЮУ ВЭ?

Байгууллагын зорилгоос үзэл баримтлал үүдэн гардаг. Бид байгууллагын үзэл баримтлалыг шинээр цэгцэлж томьёолсон.

Үзэл баримтлалд эрхэм зорилго, алсын хараа, зарчмууд, үнэт зүйлсүүд гэсэн 4 ойлголт багтана. Эд бол манай зарим байгууллагуудын боддог шиг зүгээр л ханандаа хадах гэж гаргадаг гоёл чимэглэлийн зүйлс биш. Энэ ойлголтууд бүгд хоорондоо уялдаж, араа шүдээрээ нийлэх учиртай. Ажилтнууд бүгд эдгээрийг мөрдөж, захирагдах ёстой. Ямар аргаар зорилгодоо хүрэхийг, ямар аргаар явж болохгүй зарчмууд тодорхойлно.

Эдгээрийг мөрдөж ажилсны хүчинд ажилтан, хувьцаа эзэмшигч, хэрэглэгчид бүгд адилхан үр шим хүртэх ёстой.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Бид үйлчилгээгээ ердөө өнгөрсөн долоо хоногт албан ёсоор эхлүүлсэн. Үйлчилгээгээ таниулах үүднээс 7 сарын 10-ныг хүртэл байгууллагын эрүүл мэндийн шинжилгээ, оношилгоог үнэгүй хийж өгөх "аян" зарлаад байна. Байгууллагад тань асуудал байвал та манайд хандаж болно.

Одоогоор 15 орчим хүнтэй баг маань хоёр нэгжид хуваагдан ажиллаж байна. Нэг нь системчлэх үйлчилгээ, мониторингийг хариуцаж байгаа бол нөгөө нь харилцагчийн үйлчилгээг хариуцаж байна. Харилцагчийн үйлчилгээний баг маань мэдээллийн дэд тогтолцоог хурдан найдвартай болгох үүднээс ажлаа ERP системтэй уяж ажиллаж байгаа. Бид өөрсөд дээрээ туршаад амжилттай болбол тогтолцоогоо ERP системтэй хослуулсан шийдлийг мөн байгууллагуудад санал болгоно. 

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Манай аргачлал хаана нэгдмэл зорилготой хэсэг хүмүүс байна, тэнд ашиглагдаж болохоороо онцлог. Гэр бүлүүд, ТББ-ууд, төрийн байгууллагууд, спортын багууд бүгд энэ аргачлалаар асуудлаа шинжилж, оношилж, "эмчилгээ" хийлгэн эдгэж болно. Тийм ч учраас бид гэр бүлийн асуудлыг гүнзгий судлах төлөвлөгөөтэй байгаа шүү. Энэ бол хамгийн эерэг сайн тал нь.

Бэрхшээлтэй тал нь гэвэл, манай үйлчилгээ хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөхийг эрмэлздэг учраас амаргүй. Хүмүүс хүмүүжил, эргэн тойрноосоо олж авсан үзэл бодол, дадал зуршилтай байдаг. Эдгээрийг өөрчлөхөд ихээхэн чармайлт хэрэгтэй.

Үүнээс гадна хүмүүс өөрчлөлтөөс их болгоомжилдог. Таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр дээр гээд хуучинтайгаа зууралдах хандлагатай байдаг. Тэгэхээр бид энэ айдсыг давж гарахад нь хэрхэн туслах вэ гэдгийг сайн бодож зөвлөх шаардлагатай байгаа. 

БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД ДЭЭР ЯМАР ДОГОЛДОЛ СААТАЛ ХАМГИЙН ИХ АЖИГЛАГДДАГ ВЭ?

Бизнесийн байгууллагууд зорилгоо сайн тодорхойлдоггүй юм байна. Тодорхойллоо ч тэр нь бэлгэдлийн чанартай. Энэ нь суурь асуудал болдог. Ажилтнууд нь бүгд зорилгоо мэддэг, зорилгоо байнга санадаг байгууллага зүгээр л ажлаа хийдэг байгууллагаас хавьгүй хол явах нь ойлгомжтой шүү дээ.

Түүнчлэн бизнесүүд асуудал доголдлын суурь шалтгаанаа шинжлэлгүй өнгөн харагдаж байгаа асуудлыг хурдан шийдэхийн тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Програм хангамж ашиглах гэдэг ч юм уу. Гэвч асуудлын гүн рүү оролгүй том асуудлаа хялбархан аргаар шийдэх гэж эрмэлзэх нь байгууллагын эрүүл мэндэд эргээд муугаар нөлөөлдөг.

Жишээ нь асуудал үүсвэл байгууллагын санхүүгээс боллоо гэж үзэх хандлага түгээмэл байдаг. Гэтэл үнэндээ санхүүгийн асуудал эрэмбийн хувьд нэлээд хойно тавигдана. Бид эхлээд байгууллагын бүтэц, үүрэг, хариуцлагын тогтолцоо, хэмжүүрүүдийг шинжилж оношилно. Өөрөөр хэлбэл, зорилгоо зөв тодорхойлж уу, хүн бүр үүргээ гүйцэтгэж байна уу, багаараа эвтэй, үр дүнтэй ажиллаж байна уу гэх мэт асуудал хамгийн түрүүнд тавигдана. Үүнд байгууллагын санхүүг шалгах хэрэг ч үгүй. Олон байгууллагын шууд авч хэрэглэдэг бэлэн аргачлалууд нь голдуу санхүү рүү түрүүлж орсон байдаг. Зорилго руу явж чадаж байна уу, явж чадаж байлаа гэхэд үр дүн гаргаж чадаж байна уу гэх мэтийг хэмжсэний дараа санхүүгийн асуудал руу орж болно. Тэгэхээр ТУС Солюшн үйлчилгээг авбал манай санхүүг ухаж төнхөх нь гэж эмээлгүй манайтай хамтарч ажиллаарай гэж байгууллагуудад уриалъя. 

 

 

Жишиг гэр бүлийн суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь

Гэр бүл бол систем мөн. Тиймээс тогтсон жишиг загвар байх боломжтой. Уг жишиг загварын ерөнхий санааг аваад өөрсдийн зорилготойгоо уялдуулан тухайн гэр бүл өөрсдийнхөө загварыг бий болгож болно.

Дараагийн блог