Блог

Огноо:

2020/03/19

Унших хугацаа:

Ангилал:

Нийгэм

Үсгийн хэмжээ:

ТӨРИЙН БҮХ САЛАА МӨЧРИЙГ ҮҮРЭГЖҮҮЛСНЭЭР НИЙГЭМ ЭРҮҮЛЖИНЭ

Нийтэлсэн: ЗСДС


 “TУС солюшн" ХХК-ийн захирал, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхантай ярилцлаа. Бидний цуврал ярилцлагын энэ удаагийн сэдэв бол Үндсэн хууль. Тэрбээр залуу судлаачдын хамтаар “Үндсэн хуулийн үзэл баримтлалыг системийн загвар ашиглан шинжилж дүрслэх нь” судалгааг хийсэн юм.

Үндсэн хуульд өөрчлөлт хийж болно гэхдээ одоо өөрчлөлт хийх цаг нь мөн үү? 

Хорвоо дэлхий дээр мөнх зүйл гэж байдаг бол тэр нь өөрчлөлт юм. Бидний хүрээлэн байгаа орчлон өөрчлөгдөхөөс гадна бид өөрсдөө ч өөрчлөгдөж байна. Цаг хугацааны эрхээр өтөлж хөгшрөх процесс явагдахаас гадна үзэж туулахын хэрээр үзэл баримтлал ч өөрчлөгддөг. Үндсэн хууль ч гэсэн өөрчилж болохгүй мөнхийн зүйл биш. Харин ямар  өөрчлөлтийг яаж хийх вэ гэдэг асуултуудад оновчтой хариултуудыг олж байж өөрчлөлтүүдийг хийвэл зохилтой. Үүний тулд мөн л одоогийн хуулийн чухам аль заалт, харилцан уялдаа нь болохгүй, гажуудуулаад байна вэ гэдгийг олж мэдэх чухал. Хаана ямар асуудал байгааг мэдэхгүйгээр Үндсэн хууль төдийгүй өөр юуг ч өөрчлөх боломжгүй шүү дээ. 

Зүйрлэвэл, хөдөө машинтайгаа давхиж явтал машиных нь арын хэсэгт ямар нэг  дуу орсны төлөө гэнэт зогсоод л машиныхаа  хойд талыг нь тэр чигээр нь өөрчилнө гээд зүтгээд байвал юу болох вэ?  Уг нь тэр дуу юунаас үүсээд байна вэ гэдгийг олж мэдэх, оношлох л чухал. Магадгүй тэр дуу машины урд талын дугуйнаас бүр эсвэл мотороос ч шалтгаалсан байж  болох. 

Нийгэм ч мөн ялгаагүй, хоорондоо нягт уялдаа шүтэлцээтэй, эд ангиуд буюу хүмүүсээс, тэдгээрийн хоорондын харилцаанаас бүрддэг тогтолцоо. Тэр тогтолцоог өөрчлөх гэж байгаа бол өнөөгийн олон асуудал, гажуудлууд чухам юунаас болж үүсээд байна вэ гэсэн суурь шалтгааныг зайлшгүй олж, таньж мэдэх хэрэгтэй.

Монгол Улсын Үндсэн хууль 6368 үгээс бүрддэг. Машинтай зүйрлэвэл 6368 эд ангитай гэсэн үг.  Эдгээр эд ангиуд нь хоорондоо бидний нүдэнд шууд харагдахгүй, гарт баригдахгүй  маш олон шүтэлцээнүүд буюу учир шалтгааны холбоосуудтай. Тэр холбоосуудыг  бүхэлд нь авч үзэж судалж байж сайн муу эсэхийг нь ярина. Тэгэхгүйгээр хэдхэн өгүүлбэрийг онилчихоод, болохгүй байна гэж таамаглан ганц хоёр ойлголтоор хам хум хийчих зүйл биш. Зарим улс төрчид Үндсэн хуулийн хэдхэн заалтыг бусдаас нь тусгаарлан шилж байгаад чухам тэдгээр заалтууд буруу учраас нийгэм тэр чигээрээ болохгүй гажуудаж  байна гэдэг. Үүний цаана өөрийнх нь эсвэл намынх нь явцуу эрх ашиг халхлагдаж нуугдах нь олонтаа. Иймээс л судалгаа шинжилгээтэйгээр, үндэслэлээ сайн гаргаж байж л Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой. 

Үндсэн хуульд хийсэн системийн шинжилгээний дүн ямар гарсан бэ? Гажуудлуудыг үүсгээд байгаа шалтгаануудыг тогтоож чадав уу? 

Үндсэн хууль бол нийгмийн харилцааны суурь хэв шинжүүдийг тодорхойлсон баримт бичиг. Байшингаар бол суурь, даацын баганууд, дээвэр, зориулалтын суурь хэв хэмжээнүүдийг тодорхойлсон архитектурын цогц шийдэл юм. Суурь хэв шинжүүдийг тодорхойлоод зогсохгүй, тэдгээр хэв шинжүүдийг хооронд нь уялдуулсан шийдлүүд юм. Ийм суурь шийдлүүдийг өөрчлөхийн өмнө бид нийгмийн өмнө тулгараад байгаа олон асуудлыг үүсгээд байгаа шалтгаанууд нь  бидний мэдлэг чадвар уу?, Үндсэн хуулийн гажуудал уу?, Үндсэн хуулиасаа халиад давхичихсан бусад салбар хууль уу?, Улс нийгмээ хөгжүүлэхэд ухаан бодлоо уралдуулах ёстой улс төрийн намуудын чадвар дутсан уу, эсвэл тэдний зөрчилдөөнөөс улбаатай эсэхийг маш сайн судалж үзэх ёстой. Ийм зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн системийн шинжилгээний аргаар Үндсэн хуулийн үзэл баримтлалд системийн шинжилгээг хийж, шалтгааныг нь тодорхойлох оролдлогыг хийлээ. Судалгаандаа нийгмийн олон давхаргын төлөөлөл, судлаачдыг оролцуулсан. Харин  судалгаа эхлүүлэхээсээ өмнө төрийн байгууллагууд, улс төрийн намууд руу урилга илгээсэн ч тэдгээр байгууллагуудаас хэн нь ч оролцоогүй шүү.

Судалгааны үр дүнгээр манай Үндсэн хуулийн үзэл баримтлал нь  системийн суурь хэв шинжүүдийг 80-90 хувь хангаж байгаа нь харагдсан. Сайн үзүүлэлт байгаа биз.

Судалгаагаар олон сонирхолтой дүгнэлт гарсан. Жишээлбэл: ямартай ч нийгэм маань сайн ч бай, муу ч бай нэгдмэл зорилготой юм байна. Энэ зорилгоо Үндсэн хуулиараа тодорхойлж баталгаажуулчихсан юм байна. 

Манай Үндсэн хуулийн толгой хэсэгт "Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна" гээд заачихсан байгаа юм.

Манай нийгэм нэгдмэл зорилготойгоос гадна тэрхүү зорилгыг  нь нэг мөр ойлгож хэрэгжүүлэх логик шийдлийг бас агуулсан байдаг юм байна. Тэр хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм гэж юуг хэлэх вэ гэсэн тайлал нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйл тэр чигээрээ байгаа юм. 16 дугаар зүйл нь дотроо 18 заалтууд болж задарч, тэдгээр заалт болгоноор иргэний эрхүүдийг нарийвчлан тодорхойлж өгсөн байна лээ. Өөрөөр хэлбэл, хүмүүнлэг ардчилсан нийгэм гэдэг нь иргэд эрхээ бүрэн эдэлж чаддаг нийгэм мөн гэдэг логик дүгнэлтэд хүрсэн. 17 дугаар зүйлээр иргэн бүр бусад иргэдийнхээ эрхийг хүндэтгэх үүрэг хүлээнэ гэдгийг заагаад өгчихсөн. Үүрэг хүлээж байж зорилго хэрэгждэг. Машины араа шүд болгон нь тодорхой үүрэг гүйцэтгэж, хоорондоо уялдаатай хөдөлж байж тухайн машин явдагтай адилтган төсөөлье. Хэрэв аль нэг арааных нь нэг шүд нь эвдэрчихвэл машин явж чадахгүй зогсоно оо доо. Үүнтэй ижил нийгэм урагшилж зорилгоо хэрэгжүүлэхэд иргэн, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, улс төрийн намууд бүгдээрээ үүрэг хүлээж оролцох ёстой. 

Үүний дотор Төрийн гүйцэтгэх үүргийг “Хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гээд Үндсэн хуулийн 19.1 дүгээр зүйлээр тодорхойлсон байгаа юм. Нийгмээ, иргэнээ удирдах үүрэг байхгүй, харин иргэд эрхээ баталгаатай эдлэх нөхцлийг бүрдүүлэх буюу  үйлчлэх үүрэг хүлээсэн байгаа биз. Ингэхээр манай нийгэм чинь “тодорхой зорилготой, тэр зорилгоо хэрэгжүүлснээр  иргэн  бүр эрхээ баталгаатай эдэлдэг нийгэм байх ёстой” хэмээн манай Үндсэн хуулиар тогтоосон хэрэг. Бүхэлд нь авч үзвэл, манай нийгэм чинь иргэнийхээ эрхийг баталгаатай эдлүүлэх зорилготой, тэрхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд иргэн болон Төр нь үүрэг хүлээдэг тогтолцооны хэв шинжийг бүрэн агуулж байна гэдэг дүгнэлтэнд хүрээд байгаа. Судалгааныхаа үр дүнд үндэслээд дээрхи үзэл баримтлалыг бүхэлд нь ерөнхийлөн шингээсэн загварын дүрслэлийн хэлбэрт орууллаа. Ийм загвартай болсноор бид Үндсэн хуулийнхаа мөн чанарыг нэг мөр ойлгох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. 

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хариуцаж байгаа ажлын хэсэг судалгаа тооцоо хийсэн юм уу? 

Миний ойлгосноор тэд Үндсэн хуульд өөрчлөлт хийх асуудлаар  судалгаа хийсэн юм билээ. Гэхдээ судалгаа гэдэг хэдэн хүнээс санал асуулга аваад л болчих зүйл биш. Учир нь судалгаанд хамрагдаж байгаа  хүн болгон тухайн асуудлаа  мэддэг эсэх нь эргэлзээтэй, судалгаанд хэрэглсэн арга нь үзэмжээс их хамаардаг. Өөрөө хэлбэл, нотлогдох өгөгдөл, мэдээлэл, онол дээр суурилаагүй гэсэн үг.  Уг нь бол  маш их өгөгдөл/датаг цуглуулах, тэдгээрийг боловсруулах хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал хэрэглэх учиртай. Ингэж судалгаа хийгээд зогсохгүй, судалгааныхаа үр дүнг нь дахин дахин шалгасан байх учиртай.

Д.ЖАРГАЛСАЙХАН: ЗОРИЛГОДОО ХҮРЭХИЙН ТУЛД ТАНАЙ КОМПАНИ ЯМАР ЗАГВАРТАЙ БАЙВАЛ ИЛҮҮ ЗОХИМЖТОЙГ ЗӨВЛӨНӨ

Аль ч байгууллагад бодлогын эсвэл хүмүүсийн харилцаанаас үүдэлтэй зөрчил байдаг. Хүний нөөцийн газар нь ажилчдаа аль болох тогтвортой ажиллуулах гэнэ. Санхүүгийн алба зардлаа хэмнэх гэдэг. Энэ бол бодлогын зөрчил бөгөөд шийдвэр удаж гарахад хүргэдэг. Цаашлаад хоёр хүний хоорондын маргаан болж даамжирдаг.

Дараагийн блог