Блог

Огноо:

2020/03/25

Унших хугацаа:

Ангилал:

Боловсрол

Үсгийн хэмжээ:

Д.Жаргалсайхан: Бид залхуу сэтгэлгээгээ шинэчилж, үүрэг хүлээхгүйгээр утаанаас салж чадахгүй

Нийтэлсэн: ЗСДС


"Системийн загварыг ашиглан агаарын бохирдлыг бууруулах нь" сэдвээр ТУС солюшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Агаарын бохирдлыг бууруулахад бидний сэтгэлгээ яагаад чухал вэ?

-Утаатай тэмцэх арга барил, сэтгэлгээ маань 10 жилийн өмнөхтэй ижил түвшинд байна. Яахав гаднах хэлбэр нь өөрчлөгдөж. 

Өмнө нь утаагүй түлш, зуух ярьдаг байсан бол одоо янданд утаа шүүгч  суурилуулах төдий л зүйл ярьсаар. Хүнээр бол халуурч бүлээрэх үед нь эм өгч түр намжаах төдий аргыг хэрэглэсээр ирлээ, мэдлэгггүй эмч оношлохгүйгээр шууд эмчилдэг шиг. Уг нь мэргэжлийн эмч халуурч бүлээрсэн шалтгааныг нь олж тогтоодог. Үүнийг оношлох гэдэг. 

Манайхан яг үүн шиг утааны асуудал дээр оношоо тогтоохгүйгээр гарч байгаа үр дагавартай нь тэмцээд байна. Уг нь түүнийг үүсгэгч шалтгаантай тэмцэх ёстой юм. Утаа үүсгэгч шалтгаан хэвээрээ цагт ямар ч төсөл хөтөлбөр хэрэгжүүллээ утаанаасаа салж чадахгүй.Үүний цаана бас л бидний сэтгэлгээний гажуудал бий.

Утаа үүсгэж байгаа шалтгааныг олох нь тун төвөгтэй процесс. Учир нь агаарын бохирдлыг олон тооны оролцогч олон төрлийн үйлдлүүдээрээ үүсгэж байгаа. Тэдний хийж байгаа үйлдлүүд нь ч маш олон янзын учир шалтгаантай. Жишээ нь замын түгжрэл бол  агаарын бохирдлыг үүсгэж буй нэг шалтгаан. Бид өдөр тутамдаа машин унах, ачаа тээвэрлэх хэрэгцээгээ хангахын тулд автомашин барьж байгаа нь бохирдол үүсгэгч нэг шалтгаан юм. Үүнийг нийтийн зайлшгүй хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс бохирдол үүсгэж байна гэж ойлгож болох юм. Гэтэл замын уулзвар дээр улаан шар дохиотой уралдаж ороод  зогсчихдог, өөрийгөө ч өрөөл бусдыг ч гацаачихдаг амиа бодсон сэтгэлгээ бий. Энэ бол өөрийнхөө болон өрөөлийн цаг хугацаа, шатахуун гарздахаас гадна агаар бохирдуулах шалтгааны нэг яах аргагүй мөн. Сэтгэлгээгээ цэгцэлж, хүн бүр дор бүрнээ хичээвэл агаарын бохирдуулалтыг дорвитой бууруулах боломж, сонголт уг нь бий. 

Ингэж бохирдуулахыг өөрсдөө хийчихээд хариуцлагаа бусдад тохдог, агаарын бохирдлыг бууруул, цэвэрлэ гэж бусдаас нэхдэг сэтгэлгээгээ бид залруулах ажилд нийгмээрээ шамдан ормоор байна.

-Үүний тулд юу хийвэл зохилтой вэ? Уг нь Үндсэн хуульд иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн заалт бий шүү дээ…?

-Тийм л дээ. Түүний хажуугаар бас Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд иргэн бүр нийгмийн бусад гишүүдийн өмнө хүлээх биелүүлэх үүргийг ч бас заачихсан байгааг эргэн хараарай. Бид энэ заалтыг мартчихдаг эсвэл мэддэггүй. Зарим маань мэддэг мөртлөө мэддэггүй дүр эсгээд би, бид эрүүл орчинд амьдрах ёстой гээд цээжээ дэлдчихдэг. Гэтэл эрүүл орчинд амьдрах эрхийг эдлэх таны хэрэгцээг хангах ажил та бусдын эрх ашгийг хэрхэн хүндлэхээс эхэлнэ биз дээ. Өөрөөр хэлбэл таны эрх бусдын үүргээр баталгаажиж, бусдын эрх таны үүргээр баталгаажиж байгаа хэрэг. 

-Даарахгүйн тулд нүүрс түлэхээс өөр аргагүй байна гэж иргэд тайлбарлана. Тэдгээр иргэд нэг бол даарч хөлдөх эсвэл агаарыг бохирдуулахгүй байх гэсэн сонголтын өмнө тулж байгаа биш үү? 

-Ер нь хүн өөрийнхөө төлөө л амьдардаг. Ингэж  амьдрахдаа бусдад гай болж таарахгүй. Агаарын бохирдлоос үүдэж эрүүл мэнд битгий хэл, амь насаараа хохирч байгаа иргэд олон. Хүнд гай болохгүй амьдарна гэдэг бусдад үзүүлж байгаа тус мөн.

Ядаж л даарахгүй, хөлдөхгүй амьдрахын тулд хүн өөрөө сурч мэдэх, хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлтэй байх ёстой биз дээ. Архиа уугаад, залхуураад, өрөвдүүлээд, шалтаг тоочоод байвал нийгэм тэр чигээрээ сүйрнэ. Би, бид хөлдөж үхлээ гэж өөрийнхөө зовлон, гачигдлаар  далимдуулж бусдыг хордуулах нь Үндсэн хуульд ч харш, хүний ёсоос ч гадуур юм.

 

Хууль дүрэм биелүүлнэ гэдэг ерөөсөө л бусдын эрх ашгийг, бие биенээ хүндэтгэж, байгаа хэрэг. Тийм учраас л хууль дүрэмд үг дуугүй захирагдах ёстой. Харин тэр хууль дүрэм нь таны, бусдын  эрх ашгийг хохироогоод байгаа бол засч залруулах хэрэгтэй. 

Зарим нэгэнд нь таалагдахгүй ч гэсэн энэ бодит үнэнийг хэлэхээс өөр арга алга. Иргэн өөрөө үүргээ хүлээхээс гадна бусад иргэдийг үүргээ хүлээхийг нь хянадаг байх ёстой. 

-Иргэдийн ихэнх нь баячууд яахав, бид хэцүү амьдарч гэж ярьж байна. Ер нь хөрөнгө чинээтэй нэгийгээ  хавтгайруулан үзэн ядах сэтгэлгээ бидэнд тээг болоод байна уу даа?

-Социализмын үед албадлагаар тархинд нь суулгачихсан, өнөөгийн нийгэмд их сөрөг нөлөө үзүүлж буй хэд хэдэн суурь ойлголтууд, үзэл баримтлалууд бий. Тэдгээрийн нэг нь иргэдээ ард түмэн ба хөрөнгөтөн гээд хоёр хувааж хагаралдуулдаг үзэл баримтлал. 

Хуучин нийгэмд хөрөнгөгүйг нь ард түмэн, хөрөнгөтэйг нь нийгмийн дайсан гэдэг ангилалд хамруулдаг байсан. Энэ сэтгэлгээ бидэнд маш гүнзгий сууж дээ.

Хөрөнгө, мөнгө гэдэг хийсээд ирдэг эсвэл хэн нэг амласнаар бий болдог зүйл биш, эцсийн эцэст тухайн хүний хөдөлмөрийн үр дүнд бий болсон зүйл. Зарим хүмүүс наад хүмүүс чинь төрөөс төрсөн тэрбумтнууд гэдэг. Үнэндээ тийм тохиолдол байхыг үгүйсгэхгүй ч хөрөнгө мөнгөтэй хүн бүхэн засгаас мөнгө идэж ууж баяждаг гэж дүгнэх шиг худлаа зүйл байхгүй. Үүнийг ялгаж, салгаж ойлгох  хэрэгтэй. Бор зүрхээрээ зүтгэж, татвар төлөөд явж байгаа бизнесмэнүүд чинээлэг давхаргын дийлэнхийг бүрдүүлж байгаа нь үнэн. Нөгөө талд мөнгөтэй, хөрөнгөтэй болчихсон нөхдийн сэтгэлгээ бас хуучинсаг хэвээрээ л байна. Өөрөө маш их хөдөлмөрлөж бизнесээ босгочихоод ямар их хүндрэл, алдаа, бүтэлгүйтэл дундуур туулж байж амжилтанд хүрсэнээ  ярьдаггүй, бүтэлгүйтлээ нуудаг, амжилтаараа гайхуулдаг учраас тал бүрээсээ “балбуулдаг”.

Тэгээд л нөгөө нохойд барьдаг мод гэдэг шиг уурласан болгоны бухимдлаа тайлах бай болдог. Ингэж бие биенээ буруутгаад яах ч юм билээ. Тэглээ гээд яах юм, асуудал шийдэгдэх юм уу. Тиймээс хэн нэгнийг буруутгах бус, би юу хийв, бид юуг дутуу хийчихэв гэдгийг олох нь хамгийн найдвартай арга юм. Тэгж гэмээн бидний өмнө асуудал үүсгээд байгаа асуудлын шалтгааныг олно. 

-Улс төрчид утааны асуудал дээр популизм хийдэг, утааг бууруулна гэж сонгогдох шалтгаанаа болгож ирсэн…?
-Популизм хийгээд байгааг нь ч бас хэлэх хэрэгтэй. Уг нь бидний сэтгэлгээний ядуурал агаарын бохирдлыг үүсгэж байгаа нь тодорхой. Ийм учраас иргэдийнхээ тархи толгойд мэдлэг боловсролоор дамжуулан цэнэг, эрч өгөхийн оронд элдэв халамж, бэлэн мөнгө, хувьцаа амлаж байгаа нь ёс суртахууны доройтол юм.  

Төр гэдэг чинь өөрөө баялаг бүтээдэггүй тул төрд өөрийн мөнгө гэж байхгүй, харин татвар буюу хөдөлмөрч иргэдийн мөнгөөр л үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг. Ур чадвар, эрүүл мэндээрээ доголдож байгаа иргэдээ эрүүл байлгаж, тэтгэнэ. Тэгэхээр өөрөө хөдөлмөрлөх чадвартай мөртлөө төрийн нэртэй мөнгөөр тэтгүүлж байгаа иргэд болон бусдын мөнгөөр халамж амлах улс төрчдийн үйлдэл нь бусдыг мөлжиж байгаа хэлбэр мөн биз дээ.

Яагаад нэг нь ажил хийж мөнгө олж, татвараа төлж байхад нөгөө нь татвараар угжуулах ёстой гэж. Ингээд үзвэл утааг үүсгэгч гол шалтгаан нь ерөөсөө бидний сэтгэлгээнд л байгаа биз.  

-Иргэн болгоны сэтгэлгээг цэгцлээд асуудлыг шалтгааныг ойлгож ухамсарлаж байж утаанаас цэгцэрнэ гэвэл маш урт хугацаа шаардагдаж таарна…?

-Системийн загварыг ашиглан агаарын бохирдлыг аль болох богино хугацаанд бууруулах боломж байна гэж би хардаг. Гол нь бид сэтгэлгээгээ цэгцтэй болгох явдал юм. Гэхдээ тэр сэтгэлгээ гэдэг юмыг ямар нэг гоё ном уншаад л өөрчилчих боломжгүй. 

Эхлээд агаарын бохирдолтой холбоотой цэгцтэй  мэдээллийг хүн болгонд хүртээмжтэй, нотлох баримттайгаар хүргэмээр байна. Энэ бол системийн доторхи нэг нэг дэд системийг бий болгоно гэсэн үг. Хүмүүс үнэн зөв, цэгцтэй мэдээлэлгүйгээс болоод өөрийн болоод бусдын хийж байгаа үйлдлийн буруу зөвийг мэдэхгүй, дүгнэж чадахгүй байна. Наад зах нь утаа чухам яаж хордуулж байгааг мэдэх хэрэгтэй. Үүнийгээ мэдэхгүй болохоороо амандаа маск зүүчихвэл болчих юм шиг санадаг. Иргэдэд мэдээлэл бас дахин мэдээлэл дутаад байгаа биз.

Агаарыг бохирдолтой тэмцэх үр дүнтэй, албадлагын хэрэгсэл дутаад байна. Жишээ нь хуулийн хариуцлагыг нь тодорхой болгох ёстой. Ингэснээр ядаж л иргэн бүр утаа бага гаргах түлшээ сонгодог, гэрээ, байшингаа дулаалдаг, утаагаа багасгадаг болно. Үнэндээ нүүрс түлэхгүй л бол хөлдөж үхчихнэ гэж байхгүй. Маш олон сонголт боломж сонголтууд хүнд байдаг. Хэрвээ тухайн иргэн үнэхээр тахир дутуу, хөдөлмөрийн чадваргүй бол тэднийг дэмжих үүрэг төр засагт  бий.  Ядарсан зүдэрсэнээ дэмжих нь хүний  ёс юм даа. Татварын цаад зорилго нь ч нийгэм дэх хүнд хэцүү асуудлыг шийдэхэд энэ мөнгийг хэрэглээрэй гэж төр гэж нэрлэгдсэн хэдэн хүндээ өгч байгаа хэрэг. Түүнээс биш тэдгээр төрийн түшмэлүүдэд та бүхэн тансаглаарай, өөрсдийнхөө бизнесийг дэмжээрэй гэж төлж байгаа мөнгө биш юм. 

-Тэгвэл энэ ажлыг иргэнээс эхлэх үү төрөөс эхлэх үү?

-Төрийн тэргүүнээсээ эхлээд жолооч цэвэрлэгчийг бүгдийг нь оруулаад бүх төрийн албан хаагчийг бүгдийг нь үүрэгтэй болгох, тэдгээр нь үүргээ хэрхэн биелүүлж байгааг нь хянадаг нийтийн хяналттай болохоос эхэлнэ. Тэр хяналтаар алдаа дутагдал илэрвэл арга хэмжээ авдаг, хариуцлагын тогтолцоотой, энэ бүх үйл ажиллагааг бүгдийг нь хамарсан мэдээлэлтэй болмоор байна. Ингэж байж түшмэл ажлаа хийдэг болно. 

Өнөөдөр манай хууль тогтоогчид хууль гаргахдаа үүрэг гэж зүйлийг оруулдаггүй. Ерөнхийлөгчийн, Засгийн газрын, УИХ-ын хуулийг аваад үзээрэй. Дандаа л эрх, эрх мэдэл гэдгийг оруулчихсан байдаг, Тэгээд ямар ч үүрэг хүлээдэггүй , баахан эрх эдлэдэг бүлэг үүсгээд байгаа юм.

Агаарын бохирдлыг бууруулж чадахгүй байгаа нэг шалтгаан нь энэ. Харин агаарын бохирдлыг бууруулах талаар дээрхи байгууллагуудыг бүгдийг нь тодорхой  үүрэгтэй болгочихвол хариуцлага тооцоход хялбар болчихдог. Үнэндээ бидэнд үүрэг хүлээдэг, хариуцлага хүлээдэг засаг хэрэгтэй байна. Үүрэггүй нэг газар ч байж болохгүй. Тэр олон үүргүүд бас хоорондоо уялдаж байх ёстой. Энэ болгоныг л систем гээд байгаа юм.

Хуулийг яагаад ингэж баталчихсан юм бэ гэж зарим хүмүүс асуудаг. Яагаад гэвэл коммунизмын үеэс бидний толгойд “Төр засаг минь бидний өмнөөс бүгдийг хийж өгнө” гээд итгэчихсэн сэтгэлгээ маань хуучнаараа нь байгаа учраас хууль гаргахад өөрөөр сэтгэдэг хүн байдаггүй. Бас нэг дутагдал нь бид өөрсдийнхөө мэддэггүй зүйлээ мэдэхийн төлөө явдаггүй. Түүнийгээ мань мэтэд ямар хамаа байхав “Төрийн төлөө оготно боож үхээд яахав” гэдэг. Өөрийнхөө мэдэхгүйгээ хайцаалах арга л даа. Бүр болохгүй болохоор би гэнэн цайлган сэтгэлтэй гэж зөвтгөх. Саяхан нэг залуу “Гэнэн гэдэг чинь тэнэг гэж байгаа хэрэг шүү дээ ” гээд голыг нь олоод хэлчихсэн байна лээ. Хэн нэгэн өөрөөс нь илүү гарсан санал, санаачилга гаргачихвал урдаас нь “Чи муу манж санаатай, хужаа санаатай” гэж гоочилно. Юу ч мэдэхгүй, хариуцлагагүй байгаагаа “Хээгүй,  шаагүй, гүндүүгүй монгол” гээд далдалчихна. 

Ийм л сэтгэлгээнээс бидний асуудал үүсчихээд байна. Гадаа гараад замын түгжээг хар, эмнэлэгийн очер дугаарыг, элдэв сангаас улс төрчдийн идэж уусныг, улс төрчдийн “зодолдож” байгааг хар. Энэ бүхэн чинь бидний өөрсдийн бий болгочихсон бүтээл биз дээ. Аль нэг улс төрчийг сайлж эсвэл  муулах ч хэрэггүй. Бид өөрсдөө асуудал үүсгэчихээд нөгөө сурсан зангаараа сонгосон хэдэн улс төрчид рүүгээ, ажил хөдөлмөр эрхэлдэг, хөдөлмөрлөдөг нэгэн рүүгээ дайрдаг, “балбадаг” зуршилтай. Өөрсдөө ямар ч буруугүй, гэнэн цайлган амьтад болж үлдэх гээд.

Иргэн бүр утааг бууруулах үйлсэд үүрэг хүлээж оролцох, түүний хэрэгжилтэд нийтийн хяналтыг бий болгосон, үр дүнтэй тогтолцоог бий болгож байж агаарын бохирдоос сална. Тэр тогтолцоог хэдий хурдан бий болгоно тэр чинээгээрээ л агаарын бохирдлоос хурдан салж таарна. 

-Утааг бууруулахын тулд улсын төсөв хэдэн төгрөг ахиу суулгаснаар утаа буурахгүй нь ээ…?

-Их мөнгө зарцууллаа гээд утаа буурах баталгаа байхгүй. Яагаад гэвэл асуудал үүсгэж байгаа шалтгаан нь буюу бидний сэтгэлгээ хэвээрээ юм чинь. Бид нар л залхуу болохоороо сэтгэлгээгээ шинэчилэхгүйгээр яндангаас гарч байгаа утаатай байлдсаар өчнөөн жилийг ардаа хийчихлээ.

Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн  тогтолцооны загвар гаргахдаа иргэд болон төрийн байгууллагын үүргүүдийг цогцоор нь цэгцтэй гаргаж ирэх хэрэгтэй. Ядахдаа л айлын яндангаас гарч байгаа утааны агууламжид стандарт хэмжээ тогтоомоор байна. Ингэснээр тухайн айлд уг хэмжээнээс илүү гарвал тодорхой хэмжээний хариуцлага тооцож болно. 

Үүнийг нь хянаж байдаг үүргийг нь төрийн байгууллагад нь өгчих л дөө. Хэрэв иргэн эсвэл түшмэл үүргээ биелүүлэхгүй бол  хүлээлгэх үүрэг хариуцлагыг нь бий болгочихож болно. Энэ төрийн байгууллагууд үүргээ биелүүлж байгаа эсэхийг хянадаг ТББ-ын хяналтын тогтолцоог нь гаргая л даа. Сонсоход төвөгтэй юм шиг санагдаж байгаа боловч системийн онол дээр суурилвал уг шийдлийг богино хугацаанд  гарчих боломжтой. Бид энэ зорилгоор ашиглаж болох системийн суурь загварыг нь боловсруулж гаргаад  байна. Үүн дээр суурилаад судалгаа хийхэд системийн шийдэл нь гараад ирнэ. 

-Бусад улс орнууд агаарын бохирдол, утаагаа эдийн засгийн хүчээр шийдсэн байдаг юм уу, таны хэлсэнээр сэтгэлгээнээсээ эхэлсэн байх юм уу?

-Хөгжлөөрөө бидний урд алхаад байгаа улс орнуудын төр нь ч,  нийгмийн гишүүд нь ч хариуцлагатай байдаг. Хариуцлагатай гэдэг үгийн ард үүрэг хүлээдэг гэсэн утга байнга дагадаг гэсэн үг. Энэ тогтолцоогоо хийчихсэн учраас тулгарсан ямар ч асуудлыг шийдэхэд хялбар болоод байгаа юм. Манайд болохоор иргэн нь эрх, төрийн түшмэл нь эрх мэдэл  яриад суучихдаг. Үүрэг хүлээдэг хүн бараг байхгүй. 

Шаардлага тавихаар урдаас нь эрх ярьчихдаг. Харилцан бие биеийнхээ өмнө үүрэг хүлээж байж эрх гэдэг зүйл баталгаажиж байгаа биз. Бусад улс орнуудын хувьд сэтгэлгээ нь олон алдаа гаргасан, түүн дээрээ суралцаж төлөвшин улмаар иргэн бүр үүрэг хүлээгээд сурчихсан. Гэтэл манайхан ардчилсан нийгмийг үүрэг хүлээдэг биш, харин хүн бүр марлбора татаж, мерседес бенз унадаг, кока кола уудаг, дураараа дургидаг гэж ойлгосон сэтгэлгээнээсээ салж чадаагүй явна.

-Тогтолцоог бий болгох судалгааны ажлаа хэзээ эхлүүлэх төлөвлөгөөтэй байна? 

-Аль болох хурдан эхлүүлэх санаатай байна. Тэгэхдээ бэлтгэлээ сайтар хангахгүй бол болохгүй. Энэ ажилд цэгцтэй сэтгэлгээтэй, залуу судлаач эрдэмтдийг идэвхтэй оролцохыг урьж байна. Бидэнтэй холбогдоорой.

- Судалгааны дүнг хүлээж авах, ойлгох  авах хөрс суурь нь байна уу?

-Байна гэж л үзэж байна даа. Ингэж хэлэх дараах үндэслэл байна. Хүн болгон асуудалтай нүүр тулаад байна, үүнийгээ шийдэх хэрэгтэй болчихлоо. Шийдэхийн тулд шийдэх аргаа мэдэх хэрэгтэй. Тэр аргаа мэдэхийн тулд асуудлаа мэдэх хэрэгтэй. Үүнийг мэдэхийн тулд асуудал хаанаас үүдээд байгааг мэдэх ёстой. Асуудлыг бидний сэтгэлгээ үүсгээд байгааг өмнө дурьдсан. Түүнийг л  ойлгуулах гээд хичээж явна. Асуудалтай байна  гэдэг чинь аливааг таниж мэдэх суурь нь юм. Шийдэл хайж байгаа тэр хүмүүст үүнийгээ ойлгуулмаар байна. Хэрэв иргэн болгон өөрөөсөө, сэтгэлгээгээ өөрчилөхөөс эхэлвэл төр засагт ажиллаж байгаа хүмүүс тэр чиг хандлага руу хүссэн хүсээгүй л очно.

Монгол хүний сэтгэлгээнд байгаа давуу тал нь хурдан сэтгэдэг, хайрцаглагдаагүй, стандарт бус шийдлийг хурдан олдог. Энэ давуу талаа ашиглаж агаарын бохирдлыг бууруулж чадна гэж итгэж байна. 

 

Д.ЖАРГАЛСАЙХАН: АМЬДРАЛЫНХАА УТГА УЧРЫГ МӨНГӨӨР ХЭМЖСЭН НЬ МОНГОЛЧУУДЫН АЛДАА

Сэтгэлгээг цэгцлэх хэрэгцээ, шаардлагын талаарх "TUSS солюшн" ХХК-ийн захирал, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхантай хийсэн ярилцлага маань уншигчдын сонирхлыг татсан билээ. Тиймээс уг сэдвийг нарийвчлан задалж цувралаар хүргэхээр тогтож байна. Энэ удаа бид ярилцлагаа “хэмжүүр” хэмээх сэдвээр хийснээ толилуулъя.

Дараагийн блог