Блог

Огноо:

2020/03/20

Унших хугацаа:

Ангилал:

Боловсрол

Үсгийн хэмжээ:

ЗӨРЧИЛДӨӨН

Нийтэлсэн: ЗСДС


ТУС солюшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхантай хийж буй цувралаа ярилцлагаа хүргэж байна. Бидний энэ удаагийн хөндсөн сэдэв маань зөрчилдөөн. Судлаачийн өнцөгөөс олж харсан үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн түүний ярилцлага маань уншигч та бүхний сонирхлыг татна гэж итгэж байна.

-Ярилцлагаа үндсэн сэдвээсээ эхлэе. Зөрчилдөөн гэж юу вэ?

-Зөрчилдөөн гэдгийг ойлгохгүйгээр хөгжил дэвшил өөд ахиц гаргана гэж байхгүй. Харин ч үүнээс болж систем буюу бүхэл бүтэн нийгэм, байгууллага, гэр бүл нуран унах аюултай. Социализмын тогтолцоо, тийм ийм эзэнт гүрэн нуран уналаа гэж түүхэнд ярьж бичдэг дээ. Шалтгааныг нь судлаад үзвэл цаана нь дотоод зөрчилдөөн л байдаг. Иймд уг зөрчилдөөнийг олж харж, арилгахгүй бол тухайн систем нуран унана. Яагаад гэвэл тухайн систем өөрийнхөө бүхий л нөөц, боломжийг дотоод зөрчилдөөнөө  алга болгоход зарцуулдаг гэж системийн онолд заадаг. 

Гэхдээ уг зөрчилдөөнииг албадаж буюу хүчээр арилгах гэж оролдвол аюултай. Дээр үед ямар нэг эзэнт гүрний үед ийм аргаар зөрчилдөгч талуудыг албадаж хаандаа эсвэл намдаа үг дуугүй захируулдаг байлаа. Ийм аргын сул тал нь зөрчилдөөнийг нуугдмал байдалд оруулаад зогсохгүй өөр олон зөрчилдөөнийг нэмж бий болгодог. Тэр тусмаа орчин цагт хүн болгон өөрийн гэсэн үнэлэмж, үнэ цэн, итгэл үнэмшилтэй байдаг, түүнийг нь нийгэм хүлээн зөвшөөрдөг учраас зөрчилдөөнийг хатуу гараар шийдэх боломжгүй. Ийм нөхцөлд аливаа зөрчилдөөнийг хүчээр  аргаар асуудлыг шийдэх гэж оролдвол  өөртөө болон нийгэмдээ маш том асуудлыг бий болгож байна гэсэн үг.

Харин зөрчилдөөнийг үүсгээд байгаа  шалтгааныг олж тогтоохоос ажлаа эхлүүлвэл зохимжтой. Шалтгааныг олохын тулд зөрчилдөөн гэж юу вэ, харахад 10 үсэгтэй үгийн цаана ямар утга, хэв шинжүүд байна вэ гэдгийг гэдгийг таньж мэдэхээс өөр замгүй. Ингэж танин мэдэхгүйгээр шалтгааныг нь олохгүй шүү дээ. 

Зөрчилдөөн гэдэг үзэгдэл 2-оос дээш хүн оролцож буй аливаа үйл ажиллагаанд илрэн гардаг. Зөрчилдөөн нь зодолдох, маргах, хэрэлдэх, тэмцэлдэх, дайтах зэрэг хэв шинжүүдээр илрэн гардаг. Эдгээр нь бидний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож буй шинжүүд нь. Гэтэл аливаа хүн зодолдох, хэрэлдэх, маргалдахын өмнө эхлээд тэр хүний оюун санаанд  төсөөлөн бодох, дүгнэх зэрэг бидний нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй логик үйлдлүүд буюу сэтгэн бодох процесс явагддаг. 

Тэр сэтгэлгээний үр дүнд итгэл үнэмшил бий болдог бөгөөд хүн хүнийх ондоо, хоорондоо ялгаатай байдаг. Энэ ялгаатай нь ижил төстэй нөхцөл байдалд орсон хүмүүсийн үзүүлэх хариу үйлдэл буюу бидний хэлдгээр гаргадаг араншин нь янз бүрээр илрэн гарахад хүргэдэг. Ийм ялгавартай хариу үйлдлүүд нь заримдаа хоорондоо мөргөлддөг бөгөөд түүнийг бид зөрчилдөөн гэдэг. 

Зөрчилдөөнийг алга болгохын тулд оюун санаанд байгаа итгэл үнэмшлээ адилхан болгох хэрэгтэй.

Эсвэл итгэл үнэмшлийг бүрдүүлдэг өгөгдөл, мэдээлэл, туршлага, төсөөллөө илэн далангүй бие биетэйгээ хуваалцаж ойлголтоо нэг болгох шаардлагатай. Ингэж чадаагүйгээс л тухайн санаагаа илэрхийлэх, харилцан ойлголцох гээд харилцаанд оролцож байгаа талууд адилхан үгс хэрэглэдэг, улмаар  хүн бүр өөр өөр ойлголттой, итгэл үнэмшлийн ялгаатайгаас болоод л зөрчилдөөн үүсдэг. Уг нь хүн чинь зөрчилдөж биш, бүтээж амьдрах тавилантай амьтан юм шүү дээ. 

-Өнөөгийн улс төрд яг ийм нөхцөл байдал үүсээд байна шүү дээ...?

-Үүнийг улс төрчдийн зодоон, намуудын талцал дээрээс зөрчилдөөнийг бэлхэнээ харж болно. Харахаар барахгүй ажиглаж бас суралцаж болохоор байна шүү дээ. Намууд дээр гарч буй зөрчилдөөнийг үүсгэгч үндсэн шалтгаан нь манай улсын хуулиар улс төрийн намуудад үүрэг хүлээлгээгүйд байгаа юм. Манай Үндсэн хуулийн хамгийн сул тал нь энэ байж магадгүй. Судлаачид үгээ хэлнэ биз. Нэгэнт хуулиар үүрэг хүлээлгээгүй учраас аливаа улс төрийн намын үйл ажиллагааны шалгуур нь тодорхойгүй, эсвэл тухайн намын даргын үзэмж нь тэрхүү шалгуурын үүргийг гүйцэтгэдэг болчихсон. 

Өөр нэг хувилбар нь намууд дотроо фракци гэдэг юмтай болж, өөр өөрсдийнхөөрөө эрх ашгаараа нэгддэг. Энгийнээр хэлбэл намууд нь нийгмийн болон гишүүдийнхээ эрх ашгийг тусган нэгдмэл болгосон зорилгогүй байна гэсэн үг. Үүний улмаас тухайн даргын эсвэл фракцийн эрх ашгаас ялгавартай хэн нэг гишүүн, фракци гараад ирэхээр төрөө цэвэрлэнэ, намаа цэвэрлэнэ гээд л ярьцгааж эхэлдэг. Уг нь энэ цэвэрлэнэ гэдгийн цаана зөрчилдөөнийг алга болгох тухай санаа агуулагдаж  байж таарна. Гэхдээ зөрчилдөөнийг хог цэвэрлэдэг арга барилаар буюу хэн нэгнийг хөөн зайлуулсанаар зөрчилдөөн алга болохгүй. 

Цэвэрлэнэ гэдэг арга нь зүйрлэж хэлбэл хүний бие өвдөж халуурч байхад оношийг нь тогтоохгүйгээр халууны эм л өгөхтэй ижилхэн. Уг нь халуурна гэдэг чинь бие организмын дархлаа нь хэвийн ажиллаж байгааг илэрхийлж байгаа дохиолол юм. Харин энэ дархлаагаа албадлагаар, хүчээр дараад байвал дархлаа алдагдаж өвчин ужгирна. 

Энэ бүхнээс  хийж болох баттай дүгнэлт бол улс төрийн намууд өөрсдөдөө системийн шинжилгээ хийлгэх цаг нь болчихжээ.Тийм шинжилгээ, оношлогоо хийхгүйгээр сөргөлдөөн зөрчилдөөн нь алга болохгүй. Туршлагатай, туршлагагүй, хөгшин, залуу намуудын аль аль нь зөрчилдөөндөө дарахад хамаг тамираа бараад улмаар эрүүл саруул ухаанаар биш мөнгө, эрх мэдлээр л асуудлаа шийдэхэд хүрээд байна шүү дээ. 

Улс төрийн нам нь иргэдээсээ илүү үүрэг, рольтойгоор  нийгмийн амьдралд оролцож байна. Нийтийг хамарсан олон чухал асуудлууд намын хүрээнд  шийдэгдэж байна. Гэтэл энэ нам хэмээх тогтолцоо доголдоод байвал нийгэм тэднийг дагаад л савлаад, уначих аюултай. Тийм учраас улс төрийн намууд дотоод зөрчилдөөн үүсгээд байгаа шалтгаанаа олж тогтоож, нэн даруй дархлаагаа сайжруулах ёстой. Иргэд ч үүнийг улс төрийн намуудаас шахаж шаардах хэрэгтэй.

-Үүнийг засч залруулж чадахгүй бол бид ямар байдалтай нүүр тулах вэ?

-Хүн төрөлхтний туулж ирсэн явж ирсэн гашуун туршлага ч байна. Өнөө цагт энэ дэлхий дээр хоорондоо холбоо, шалтгаангүй үгүй. Бид дэлхий гэдэг ганц гэрт амьдарч байна. Америк, Хятад, Орос болон бусад бүс нутгуудад болж буй өөрчлөлтүүд манай нийгэмд маш том доргио авчирдаг болжээ. Тийм доргилтийг тэсэж давж гарахын тулд өөрсдөө нэг цул систем, нэг баг болмоор байна. Тэгэхгүй хоорондоо зөрчилдөөд нанчилдаад байгаа цагт нийгэм маань байнгын доголдолтой, өвдөлттэй байх болно. Улс төрийн намууд дотоод зөрчилдөөнөө дарах гэж өөрсдийнхөө хамаг нөөц хүчээ бараад зогсохгүй, улмаар татвар төлөгчдийн мөнгө, иргэдийн эрх ашийг золиослож байгаа  дүр төрх харагдаад байна. 

Эцэст нь яах юм. Систем нуран унах уу… Нийгэмд замбараагүй байдал үүсэх үү? Ийм л дүр төрх харагдаад байна.

-Зөрчилдөөнийг үүсгэж байгаа шалтгааныг  таньж мэдэх арга зам байна уу?

-Аливаа зөрчилдөөнийг үүсгэж байгаа шалтгааныг хэн нэгний мөнгө, эрх мэдлээр тайлбарлах гэж байнга оролддог нь бидний сэтгэлгээнд байгаа ноцтой нийтлэг доголдол мөн.  

Мөнгө, эрх мэдлээр зөрчилдөөнийг тайлбарласнаараа  бид асуудлаа таньж мэдэх гарцаа хаачихаж байгаа юм. Уг нь дахин нэг алхаад сэтгэлийнхээ гүн рүүгээ өнгийвөл зөрчилдөөнийг үүсгэж байгаа шалтгааныг баттай олж чадна. 

Аливаа зөрчилдөөн нь нэг дээвэр дор ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн итгэл үнэмшлийн ялгаа, суурь хэрэгцээгээ байнга хангаж байх янз бүрийн хүсэл эрмэлзлээс үүдэн гарч ирдэг. Зөрчилдөөнийг үүсгэдэг шалтгаануудыг дараахи дөрвөн бүлэгт хувааж болно:

Ашиг сонирхлын ялгаа:

Нэг байгууллага, нэг гэр бүл, нэг нийгмийн нийтлэг харилцаанд оролцож байгаа хүмүүсийн ашиг сонирхол нь өөр өөр байгаагаас зөрчилдөөн үүсдэг. Жишээ нь аль нэг улс төрийн намын гишүүний ашиг сонирхол нь нөгөө гишүүнийхээ ашиг сонирхолоос ялгаатай байна. Нэг гишүүний ашиг сонирхол нь намын гишүүн болж аваад төрийн албан хаагч болоход оршиж байгаа бол өөр нэг гишүүн нь намын гишүүн болж бизнесийнхээ боломжийг тэлэх сонирхолтой байж болно. Гурав дахь гишүүн нь намын гишүүн болж төрийн хүнд сурталаас өөрийнхөө бизнесийг хамгаалах сонирхолтой байж болно. Ийм өөр өөр ашиг сонирхолтой гишүүд эрт орой хэзээ нэгэн цагт заавал зөрчилдөөнд  ордог. Би энд хэн нэгнийх нь ашиг сонирхлыг  зөв эсвэл буруу гэж дүгнэх  гэсэнгүй.

Харин ашиг сонирхлоо нэгдмэл болгосноор нэгдмэл зорилго гэдэг ойлголт үүсдэг бөгөөд энэхүү нэгдмэл зорилго нь аливаа үйлдлийн зөв бурууг, сайн мууг шүүх шалгуурын үүргийг гүйцэтгэдэг тухай системийн онолд өгүүлдэг. Хэрвээ аль нэг улс төрийн намд янз бүрийн ашиг сонирхолтой хүмүүс элсэн ороод байгаа бол нэг бол тэр нам нь өөрийн гэсэн зорилгогүй эсвэл зорилго нь хэт ерөнхий байна гэдэг дүгнэлтийг хийж болно. 

Ойлголтын ялгаа:

Ашиг сонирхлоо нэгдмэл болгосноор зөрчилдөөн үүсэхгүй болно гэж үзэж бас болохгүй. Хорвоогийн зовлон жаргалыг хамтдаа туулна гээд амьдралаа холбосон залуу гэр бүлийн гишүүд муудалцах тохиолдолууд бишгүй л гардаг. Их олон тохиолдолд ийм  зөрчилдөөн нь гэр бүл болж амьдрахад тухайн гэр бүлийн гишүүдийн хэрэглэдэг суурь ойлголтуудын зөрүүтэй хэв шинжүүдээс үүдэлтэй. Жишээ нь хайрын тухай ойлголтыг дурдая. Хайрыг эхнэр, нөхөр хоёр өөр өөрсдийнхөөрөө ойлгож, тодорхойлж  нэгнээ хайрладаг. Гэтэл тэдгээрийн хайрын тухай ойлголт нь тухайн хүний өссөн орчин, боловсрол, хүмүүжил гээд олон зүйлээс шалтгаалан төлөвшдөг тул хоорндоо өөр байхаас ч аргагүй. Үүнээс болоод л “Чи намайг хайрласангүй, би чамайг хайрладаг” гэж маргалдана, үл ойлголцоно. Уг нь тэр хоёр хоорондоо дайсан биш, аз жаргалтай хамтран амьдарна гээд амьдралаа холбосон байж таарна.  

Бодит байдал дээр хайр, халамж, ажил төрөл, үүрэг, хариуцлага  гээд гэр бүлийн амьдралд хэрэглэгддэг янз бүрийн ойлголтуудыг гэр бүлийн хүрээнд байнга хэрэглэдэг боловч бид оюун санаандаа эдгээр ойлголтуудыг үлэмж ялгаатайгаар төсөөлөн буулгадаг ажээ. 

Бид нэг ижил үг хэрэглэж байгаа учраас ойлголтууд маань адилхан байдаг гэж гэнэнээр бодож эндүүрдэг. Энэ эндүүрэл нь зөрчилдөөн үүсгэгч бүх шалтгааны ихэнхийг эзэлдэг. Тийм учраас ойлголтын зөрүүгээ арилгахын тулд хоорондоо маш тодорхой ярилцах ёстой. 

Үүнийг шийдэх энгийн арга бол эхнэр нөхөр гэр бүлийн талаарх суурь ойлголтуудаа нэгтгэж ярилцах юм. Гэр бүл болж амьдрахад хэрэгтэй ойлголтуудаас, жишээ нь хайр гэж юу вэ гэдгийг өөр өөрийнхөөрөө бичээд хоорнд нь харьцуулах аргыг хэрэглээд үзээрэй.  Энэ аргыг хэрэглэвэл юун дээр маргалддаг гэдгээ амархан ойлгоно. Ингэхгүйгээр хайртай гээд нэг гэрт орчихдог ч ойлголтын зөрүүнээс болоод салах дээрээ тулдаг.

Хэдүүлээ ч бай, нэгэнт л нэгдмэл зорилготой нэг баг болон ажиллаж байгаа үед ойлголтуудаа нэг болгохоос аргагүй. Ингэж нэг болгосон ойлголтоо ч хаа хаанаа ягштал  мөрдвөл таны амьдралд гардаг таагүй зөрчилдөөний тоо лавтай буурна. Бас нэг юм нэмж хэлэхэд ойлголтуудыг нэг болгох үйл явц хэзээ ч дуусахгүй гэдгийг мэдэж байх нь чухал. Учир нь ойлголтуудын хэв шинжүүд нь гадаад, дотоод нөхцөл байдлын  өөрчлөлтүүдийг дагаад байнга өөрчлөгдөж байдаг юм. 

 

Д.Жаргалсайхан: Хэрвээ бид хайрцаглагдаагүй бас цэгцтэй сэтгэлгээтэй бол юун Эйнштейн, Стивен Хокинг...

Хүний тархи өөрөө гайхалтай машин. Энэ машиныг амжилттай ашиглахад 2 гол нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай. Нэг нь өгөгдөл дата буюу мэдээлэл, нөгөөх нь харьцуулах загвар. Энэ 2 байхгүй бол хүний тархи ямар ч үр ашиггүй. Харин ч зовлон, шаналгаа авчирдаг эд.

Дараагийн блог