Блог

Огноо:

2020/03/20

Унших хугацаа:

Ангилал:

Боловсрол

Үсгийн хэмжээ:

ДҮГНЭЛТ : Монголчууд бидний нийтлэг алдаа бол хов жив, явган ярианд суурилж дүгнэлтүүдийг амархан хийчихдэгт байгаа юм.

Нийтэлсэн: ЗСДС


"ТУС солюшн ХХК"-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхантай хийж буй цувралаар ярилцлагаа хүргэж байна. Бидний энэ удаагийн хөндсөн сэдэв бол дүгнэлт. Дүгнэлтийг олон талаас нь тайлбарласан энэхүү ярилцлага ирээдүйд таныг амжилтад хүрэхэд тус дөхөм болно гэдэгт итгэж байна. Судлаачийн ярилцлагыг ул суурьтайгаар тухлан уншина уу.

-Дүгнэлт гэж юу юм бэ? Бид яагаад дүгнэлт хийдэг юм бэ? 

Хүн аливаа үйлдлийг хийх, үг хэлэхийн өмнө тухайн хийх үйлдэл болон үгийнхээ утга учрыг өөрийнхөө оюун санаанд эргэцүүлэн боддог байх ёстой. Үүний дараа л үгээ хэлж, үйлдлээ хийх учиртай. “Бодно” гэдэг нь цөөхөн хэдхэн үсгээс бүрдсэн үг боловч тодорхой алгоритмын дагуу нарийн дарааллаар явагддаг, өөрийн гэсэн дэг жаягтай, хариуцлагатай хийгддэг олон үйлдлүүдээс бүрддэг. Энэ бүх шат дамжлагуудыг алдаагүй хийж, бодож сэтгэсний үр дүнд гарч байгаа үр дүнг “Дүгнэлт” гэж тодорхойлдог. 

Дүгнэлтийг мэдлэг гэж ч нэрлэж болно. Жишээлбэл, хүнд дараагийн үйлдлээ хийхийн тулд баттай үнэн зөв гэж үзээд тулах дотоод итгэл үнэмшил хэрэгтэй байдаг. Энэ хүнд итгэж болох уу үгүй юу гэдэг асуултад бид байнга л хариулт эрэлхийлдэг. Тэгвэл энэ асуултад хариулт олох процессыг дүгнэлт хийх гэж нэрлэж байгаа хэрэг. Аливаа зүйл, юмс үзэгдлийг дүгнэхээс өмнө заавал танин мэдэх процесс явагдах естой.  

Хүн амьд байх, амьдрахын тулд зайлшгүй хангах естой хэрэгцээнүүдтэй байдаг. Улмаар эдгээр хэрэгцээгээ хангах арга замыг байнга эрэлхийлдэг төдийгүй тодорхой үйлдлүүдийг хийж гүйцэтгэдэг. Жишээлбэл, цангахаараа шингэн уух, өлсөхөөрөө юм идэх, асуудалтай тулахаараа юм сурах зэрэг хэрэгцээгээ мэдэрч, улмаар хэрэгцээгээ хангахад чиглэсэн үйлдлүүдийг хийдэг. Тухайн хэрэгцээ бий болсон эсэхийг бид байгалиас заяасан өгөгдөл  цуглуулдаг эрхтэнээрээ дамжуулан мэдэрдэг. Тухайлбал хамар, ам, нүд, чихээрээ болон бусад мэдрэх эрхтэнээрээ хүн секунд тутамд 11 сая тэмдэгт хүлээж авдаг гэсэн мэдээлэл бий. Энэ бүхнийг өгөгдөл буюу дата гэдэг. Танин мэдэх процесс нь өгөгдлийг цуглуулж боловсруулахаас эхэлдэг. 

Нэг энгийн жишээ авъя л даа. Тодорхой бүлэг хүмүүсийн амьдралыг танин мэдэхийн тулд  бид эхлээд тэдгээр хүмүүсийг нас, хүйс, боловсролоор нь ангилдаг. Гэхдээ ингэж ангилчихлаа гээд хэрэгтэй зүйлээ хангалттай танин мэдчихэж байгаа хэрэг биш. Байгаа ангилсан өгөгдлүүдийнхээ хоорондын хамаарлыг нь олж тогтоох  ёстой. Үүний дараа өгөгдөл нь мэдээлэл болж хувирдаг. Үүний дараа мэдээллийг иж бүрнээр нь ангилж, мөн л ангилсан мэдээллүүдийн хоорондын хамаарлыг тогтооно. Ингэснээр мэдээлэл маань мэдлэг болж хувирч байгаа хэрэг. Мэдлэг бол хүний нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй мөртлөө оюун санаанд бий болсон хийсвэр ойлголтуүдын нийлмэл цогц юм. Чухам ингэж бий болсон мэдлэг дээр суурилсан шийдвэр нь хэрэгжих чадвартай байдаг. 

-Бид хийсэн дүгнэлтийнхээ зөв, бурууг мэдэх боломжтой юу? Үүнийг юугаар хэмжих вэ?

-Хүн бараг алхам тутамдаа дүгнэлт хийх хэрэгцээтэй тулгарч байдаг. Жишээ нь, бид нийгмээ хоцрогдсон эсвэл хөгжсөн гэж, байгууллагаа сайн, муу гэж, амьдралын ханиа хайртай, хайргүй гэж, хүүхдүүдийнхээ зан авирыг буруу, зөв гэх мэтээр дүгнэлтүүдийг байнга хийж, маргалдаж, заримдаа бухимдаж эсвэл баярлаж бахархдаг. Сонгуульд оролцож саналаа өгөхдөө ч гэсэн тухайн нэр дэвшигчийн талаар энэ сайн эсвэл муу хүн гэсэн дүгнэлтийг бид оюун сэтгэлгээндээ тунгааж дүгнэчихээд санал өгдөг шүү дээ. Ингэж дүгнэлт хийсний үндсэн дээр дараагийн үйлдлээ хийдэг. Ийм л учраас бид ер нь дүгнэлт хийж чадаж байгаа эсэх, дүгнэлт хийхдээ танин мэдэх аргуудыг ашиглаж байгаа эсэхээ шалгаж үзэх ёстой. Хуудуугүй хийсэн дүгнэлт таныг амжилт өөд гарцаагүй хөтөлнө. 

Дүгнэлт хийхийн тулд таны олж авсан өгөгдөл, мэдээ бүхэн үнэн байдаггүй. Эдгээр өгөдөл, мэдээний бодитой эсэхийг байнга шалгаж нягтлах ёстой. Тэгэхгүй бол бодитой бус өгөгдөл нь хуудуутай  мэдлэг болж, улмаар буруу шийдвэр гаргахад хүргэж танд өч төчнөөн  асуудал үүсгэдэг. Үүнээс харвал ирээдүйд аль болох цөөн асуудалтай байя л гэвэл үнэн, бодитой өгөгдөл цуглуулах хэрэгтэй нь харагдана.

Дараа нь тодорхой арга, аргачлалаар өгөгдлөө боловсруулах ёстой. Буруу боловсруулвал дахиад л өнөөх асуудал үүснэ. Тэгвэл та өгөгдлөө цуглуулж, боловсруулж чадаж байна уу гэж өөрөөсөө нэг асуу. Дараа нь үүнийгээ өөрөө үнэлж, сорьж үзэх хэрэгтэй. Дараах асуултуудад та бодитойгоор хариулах  замаар та өөрийнхөө шийдвэр гаргах чадварыг сориод үзэхэд гэмгүй. Үүнд: 

- Дүгнэлтийг ашиглаж байгаа мэдээллээ шалгадаг уу ? 

- Дүгнэлт хийж байгаа зорилгоо мэддэг үү? 

- Таны олж дуулсан дүгнэлтийг хийж байгаа хүний мэдлэгийн цар хүрээг та мэдэх үү? 

- Хуудуугүй дүгнэлт хийхэд зориулж  цаг хугацаа зарцуулдаг уу? 

- Тухайн дүгнэлтийг хийснээс үүдэн хүлээх хариуцлагаа бүрэн ухамсарлаж ойлгодог уу? 

- Нийгмийн эсвэл хамт олны зүгээс таны хийж буй тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх магадлалыг тооцдог уу? 

-  Дүгнэлтийн үнэн бодитойг хэмжих хэмжүүр танд байна уу? гэх мэтээр үргэлжлүүлж болно.

 

-Бид олон асуудал дээр нийгмээрээ туйлширсан дүгнэлт гаргадаг ард түмэн. Энэ нь асуудлыг хэтэрхий өнгөц харж дүгнэлт хийдэг гэсэн үг үү?

-Дүгнэлт хийх нь ийм төвөгтэй учраас ихэнхи тохиолдолд хүмүүс оюун ухаандаа тунгааж үздэггүй, дүгнэлт болон шийдвэрүүдээ яаруу, сандруу гаргаснаар өөртөө болон өрөөлд асуудал үүсгэдэг. 

Монголчууд бидний нийтлэг алдаа бол хов жив, явган ярианд суурилж дүгнэлтүүдийг амархан хийчихдэгт байгаа юм. Үүнийхээ горыг ч хангалттай амсдаг.

Шуудхан хэлэхэд залхуу учраас хэн нэгэн хүний өгсөн мэдээллийг шалгадаггүй, сэтгэлгээ нь эмх цэгцгүй л байна гэсэн үг.

Сэтгэлгээ нь цэгцгүй байгаад олон шалтгаан бий. Жишээ нь нийгмийн тогтолцоо солигдсон ч хуучин нийгмээс авсан хуучин ойлголтуудаа одоо болтол хэрэглээд явж байна. Энэ сэтгэлгээний доголдол нь төрийн тухай ойлголт дээр бүр илт харагдана. Хүн өөрийн асуудлаа өөрөө шийдвэрлэх ёстой байтал өмнөөс нь төрийн албан хаагч, ерөнхий сайд, УИХ-ын гишүүн хийх ёстой юм шиг ойлгодог. Хуучин нийгэмд төр бидний өмнөөс бүх шийдвэрийг гаргадаг, бараг л хаана, хэзээ, бараг бие засахыг хүртэл заадаг байснаас үүдэн тийм хэвшмэл ойлголттой болчихоод түүнээсээ одоо болтол салж чадахгүй байх шиг. Гэтэл өнөөгийн нийгмийн төрд ийм үүрэг байхгүй. Нэгэнт л хүн төрийн төлөө биш, бусдын төлөө биш, өөрийнхөө төлөө амьдардаг учраас өөрийн асуудлаа өөрөө л шийдэх учиртай. Харин өөрөө дангаараа оролдоод шийдэж чадаагүй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх нийтлэг арга замуудыг хайх, олж тогтоох нь төрийн үүрэг юм.  

Сэтгэлгээ нь цэгцгүй учраас бид аль нэг улс төрчийн хэлсэн үгэнд шууд итгэдэг, дараа нь  10 минут ч болоогүй өрсөлдөгч нь өөр юм ярихаар өмнө нь үнэн гэж итгэсэн зүйлээ өөрчилдөг. Ингэхээр  тэр хүнд өөрийнх нь итгэл үнэмшил байхгүй нь харагдаж байгаа биз.  Гэтэл бидний энэ залхуу занг, өөрийн итгэл үнэмшилгүй, гуйвамтгай байдлыг зарим хүмүүс овжин ашиглаж, өөрийнхөө зорилгодоо ашиглаад байна. Ялангуяа сонгуулийн үеэр энэ аргыг хэрэглээд гаршчихсан. Тиймээс дутуу хагас, худлаа үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл дээр суурилж дүгнэлт гаргаснаас огт дүгнэлт хийхгүй байх нь хамаагүй дээр.

-Улс төрчид бидний сэтгэлгээний сул талыг ашиглаж байгааг яаж зогсоож болох вэ? 

-Номгүй лам, сэтгэлгүй улс төрчид, шунахай наймаачид гээд олон бүлгүүд өөрийн гэсэн шүүлтүүргүй  бидний сэтгэлгээний сул талыг маш чадамгай ашиглацгаадаг. 

Дүгнэлт бол аливаа шийдвэр гаргахын өмнө заавал хийгддэг зорилготой логик үйлдэл. Энэ үйлдэлд гаднаас сайн, муу янз бүрээр нөлөөлж болно. Ихэнхидээ сайн санааны үүднээс туслах, заах, сургах, сэрэмжлүүлэх зэрэг зорилгоор нөлөөлдөг. Гэтэл бүр бусдын санаа бодлыг үймүүлэх, олон нийтийн санаа бодлыг самрах, эсвэл хүчирхийлэл үйлдэх зорилгоор ч нөлөөлдөг. Тийм учраас л бид тухайн хүний дүгнэлт хийж байгаа жинхэнэ зорилго, тэдний ашигласан мэдээллийн чанарыг шалгаж чаддаг байвал тэр л таны сэтгэлгээний шүүлтүүр, хамгаалалт гэсэн үг. Ийм чадварыг та өөрөө эзэмших нь бусдын нөлөөллөөс өөрийгөө хамгаалах хамгийн найдвартай арга юм. Яахав залуу зандан, нялх балчир байхад чинь эцэг эх, багш нар тусалдаг. 

Та хэн нэгний хийсэн дүгнэлтийг өөрийнхөө шалгуураар шүүхгүйгээр шууд хүлээн зөвшөөрөх нь эрт орой аль нь ч бай танд ямар нэгэн асуудал заавал дагуулна. Цаг хугацааны л асуудал.

-Хийж байгаа  дүгнэлтээр нь тухайн хүний сэтгэлгээг нь таньж болдог тухай дээр дурьдсан. Ийм чадварыг эзэмшихэд хэцүү юу? 

Хийсэн дүгнэлтийг нь шинжилж дүгнэх замаар тухайн хүний сэтгэлгээний хэв шинж болон араншинг баттай таньж болно.

Сэтгэлгээний хэв маяг дүгнэлтийн хэв маягаар илэрдэг. Тухайлбал, 

♣ Их ерөнхий дүгнэлт хийдэг хүний сэтгэлгээ нь их ерөнхий, барагтай бол асуудлын нарийн ширийн рүү ордоггүй гэсэн үг.  

♣Шинэ санааг эрс эсэргүүцсэн дүгнэлтийг байнга гаргадаг хүн бол аливаа өөрчлөлтөөс ихээхэн айдаг, хэвшмэл ойлголттой хүн байж таарна.  

♣ Бусдын гаргасан дүгнэлтүүдийг шууд хуулбарлан дуурайсан дүгнэлт хийдэг хүмүүсийн ихэнхи нь залхуу, бэлэнчилэх сэтгэлгээтэй байх жишээтэй.  

 

Д.Жаргалсайхан: Хэрвээ бид хайрцаглагдаагүй бас цэгцтэй сэтгэлгээтэй бол юун Эйнштейн, Стивен Хокинг...

Хүний тархи өөрөө гайхалтай машин. Энэ машиныг амжилттай ашиглахад 2 гол нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай. Нэг нь өгөгдөл дата буюу мэдээлэл, нөгөөх нь харьцуулах загвар. Энэ 2 байхгүй бол хүний тархи ямар ч үр ашиггүй. Харин ч зовлон, шаналгаа авчирдаг эд.

Дараагийн блог