Буцах

2021028 - Монголын уул уурхайн нийгмийн хариуцлагын тайлагнал-дижитал шилжилт

Нийгэм

Хураангуй: 

0

Хенри Форд: “Зөвхөн ашгийн төлөө явах аваас тухайн компани хэзээ нэгэн цагт сөнөнө” гэж хэлсэн байдаг. Аливаа бизнес амжилттай ажиллан, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөж, тогтвортой үйл ажиллагаагаа явуулах нь үйлдвэрлэл эрхэлж байгаа гол зорилго нь болж ажилладаг билээ. Компаниуд нь нийгмийн салшгүй нэг хэсгийн хувьд нийгэмд тулгарч буй олон асуудлуудыг шийдэхэд санаачлага гаргах, хүн амын болоод эдийн засгийн өсөлт, хөгжилтэй  үйл ажиллагаагаа уялдуулж  ажиллах,  даяарчлагдсан дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах нэг гол нөхцөл,  шалгуур бол КНХ-ийг хэрэгжүүлэх явдал юм. XXI зуунд  мэдээллийн технологийн ачаар компаниудын үйл ажиллагаанд олон нийт шууд хяналтаа тавьж, бизнесийн хариуцлага алдсан ганцхан асуудлаас болоод компаниуд томоохон алдагдалд орох нь энүүхэнд болсон. Нийгмийн хариуцлагын стратегиуд нь өрсөлдөх чадварын суурь болдог. Байгууллага нэр хүндтэй байвал бизнес нь тогтвортой байна. Манай улсын эдийн засгийн голлох нөлөө бүхий салбар болох уул уурхайн салбар нь үйлдвэрлэл явуулахад хамгийн их эсэргүүцэлтэй тулгардаг. Үүний шалтгаан нь иргэд болон уурхай хоёрын хооронд үүссэн үл ойлголцлоос үүдэлтэй. Өмнө нь нийгмийн хариуцлагын хүрээнд арга хэмжээг төдийлөн авч үздэггүйгээс болж байгаль орчинтой зүй бусаар харьцаж тэр чигээр нь хаяж явдаг байсан тул хүмүүс уул уурхайг эрс эсэргүүцэх хандлагатай үлдсэн. Ихэнхи уурхайнууд сүүлийн жилүүдэд хуулийн дагуу хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэл явуулж, нийгмийн хариуцлагаа хүлээж үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Харин энийгээ ил тод иргэдэд түгээснээр уул уурхайн салбарын нэр хүнд өсөж, манай орны эдийн засаг сайжрах ба амьдрах таатай байдлыг хэвээр хадгалах, иргэд өөрсдөө уурхайнуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, шаардаж байх боломжтой юм. Энэхүү судалгаагаараа КНХ гэж юу болох, ямар ашигтай бөгөөд ил тод цахимаар мэдээлж байхын давуу талыг гаргаж өгсөн. Мөн монголын уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй компаниуд өнөөдрийн байдлаар КНХ-г хэрхэн мөрдөж тайлагнаж байгааг судалсан.  

0

Түлхүүр үг: Компанийн нийгмийн хариуцлага /КНХ/, Нэгдмэл тайлагнал /НТ/, Тогтвортой байдлын тайлагнал /ТБТ/, Нийгмийн хариуцлагын олон улсын стандарт /НХОУС/, 
 

0

Удиртгал: 

0

      1990 онд Ардчилсан нийгмийг бүтээн байгуулахаар болсон Монгол улсын хувьд эдийн засгийн шилжилт тийм ч амар хялбар байгаагүй. Хуучин "социалист” гэж нэрлэгдэж байсан орнуудтай эдийн засгийн харилцан туслалцалын тогтолцоо алга болж, эдийн засгийн өсөлт, ДНБ уналтад орсон тухайн үед, Монгол Улсын Засгийн Газраас 1990 оны эхээр "Алт” хөтөлбөрийг баталсан  байдаг.  Энэ хөтөлбөрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татах үүднээс гадны компаниудыг татвараас чөлөөлөх бодлогыг гаргасан.  Энэ үеэр дэлхийн зах зээл дээр түүхий эдийн эрэлт хэрэгцээ ч нэмэгдэж, түүхий эдийн  үнэ өссөн байсан. Энэ бүх хүчин зүйлүүд уул уурхайн олборлолтыг эдийн засгийн хувьд үр ашигтай явуулах нөхцлийг бүрдүүлсэн. Хувь хүмүүс, компаниудын дунд уул уурхай эрхлэх сонирхол үүсэж,  асар богино хугацаанд олон уул уурхайн ашиглалтын лиценз олгогдсон.

0

      Эхний үед уул уурхайн олборлолт явагдахад орон нутгий иргэд, төр захиргааны байгууллагаас ямар нэгэн дургүйцэлийг үзүүлдэггүй байсан ба уул уурхайн талаар иргэд ч нутгийн удирдлагууд ч ямар нэгэн сайн муу мэдээлэл, туршлага байгаагүй юм. Арваад жилийн хугацаанд уул уурхайн олборлолт нь иргэд, орон нутгийн хяналт, шахалтгүйгээр урсгалаар явж ирсэн. Энэ хугацаанд байгаль орчны олон асуудлууд гарч ирсэн бөгөөд малчид бэлчээргүй болох, бэлчээрээ алдах,  голын усыг зүй бусаар ашиглаж, бохирдуулах, хүн малын ундны усны хүртээмж асуудалтай болж, нөхөн сэргээлт хийгдээгүй асар их талбайнууд /3984.46  га/ бий болсон. Энэ бүгд нь иргэдийн "Аюулгүй, эрүүл орчинд амьдрах” үндсэн эрхийг зөрчиж, орон нутагт амьдарч буй иргэдийн дургүйцлийг маш ихээр хүргэж,  2000 оны эхээр иргэдийн байгаль орчноо хамгаалах хөдөлгөөнүүд үүсэж,  иргэд уул уурхайн компаниудын хооронд зөрчлүүд ихээр гарч, шийдэгдээгүй олон асуудлууд хуримтлагдсаар байсан. Хариуцлаггүй үйл ажиллагаа явуулсан уул уурхайн компаниудын балгаар уул уурхайн салбарын нэр хүнд маш ихээр унасан. Бүх уул уурхайн компаниуд хариуцлагагүй байгаагүй, хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг компаниуд бас бий.  Тиймээс уул уурхайд нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй ажлуудыг ил тод байлгаж, иргэд өөрсдөө шаардлага тавих боломжийг бүрдүүлж өгснөөр хариуцлагатай уул уурхай эрхлэгчид ихэсч тухайн үйлдвэрлэл болон амьдрах нөхцөлд ч таатай үр дагавар авчрах юм. Манай улсад нийгмийн хариуцлагын талаар үйл ажиллагаа, тайлагналын орчин хөгжлийн эхэн үедээ явж буйг энэ талаар хийгдсэн судалгаа бүтээлүүдийн хомс байдал, компаниудын НХТ-н ойлголтын зөрүү, ялгаатай тайлагнал, стандарт дүрэм журмын хэрэгжилтийн хяналт сул байгаагаас харж болно. Одоогоор манайд томоохон тоотой хэдэн уурхай л НХТ-аа ил тод байршуулсан байна. Гэвч монгол улсын нийт уул уурхайн нийгмийн хариуцлагатай байдал энэ хэдхэн уурхайгаар илэрхийлэгдэх боломжгүй тул бүхий л үйл ажиллагаа явуулж буй уурхайнуудыг НХТ-аа цаасан хэлбэрээс дижитал руу шилжүүлж, ил тод байдлыг шаардах хэрэг гарч байна.

0

  1. Компанийн нийгмийн хариуцлагын талаар ерөнхий ойлголт

0

  1. Компанийн нийгмийн хариуцлагын тодорхойлолт

0

      КНХ гэдэг нь аливаа аж ахуйн нэгж өөрийн үйл ажиллагаагаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд бохирдолгүй, нийгэмд сөрөг үр дагаваргүй ил тод, нээлттэй явуулна гэсэн ойлголт болно. Ийнхүү хамтрагч, түншүүд, олон нийт, хэрэглэгч, ажиллагсдынхаа өмнө хүлээх хариуцлага, чиг хандлагаа тодорхойлсон хэм хэмжээг бизнесийн үйл ажиллагаандаа баримтлан ажиллах замаар  байгууллагадаа баялгийг бүтээн бий болгох төдийгүй   улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулах үйл явц юм.

0

      Бизнесийн үйл ажиллагаа нийгэмдээ бүхий л талаар хариуцлагаа ухамсарласан байх, мөн хуулийн хүрээнд олгогдсон үүрэг хариуцлагаас гадна илүү өндөр түвшинд буюу нийгмийнхээ сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр явуулах үйл ажиллагаа юм. Бизнес эрхлэгчдийн хувьд өнөөдрийн  ашгаас илүүтэй урт хугацаанд тогтвортой ашиг олох, харилцагч байгууллагуудтай тогтоосон харилцаагаа хадгалж үлдэх нь түншлэлийн эх суурь болох юм. . Нийгмийн хариуцлагатай энэхүү үйл ажиллагаа нь өөрөө олон талуудын ашиг сонирхлын нэгдлийг илэрхийлж байдаг. Нийгэмдээ,  байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай хандсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бизнесийнхнээс олон нийт хүлээж байдаг бол  харин хувьцаа эзэмшигчид нийгэм, хүрээлэн буй орчинд таатай үйл ажиллагаа дэмжих сонирхол давамгайлах боллоо, Ажилтнуудын хувьд  нийгэмдээ үнэ цэнийг бүтээдэг, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг сонгох болсон төдийгүй, Засгийн газрын тухайд хариуцлагатай бизнесийг  улс үндэстний өрсөлдөх чадварыг өсгөн нэмэгдүүлж буй үйл явц гэж үзэх болсон.   Иймд КНХ-ыг  тодорхой зорилго, төлөвлөлтэй, үе шаттай  хэрэгжүүлэх  шаардлага тулгарч байна.

0

  1. Компаны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэл

0

      КНХ-ыг хэрэгжүүлэхээр төлөвлөхдөө   хариуцлагын үндсэн гурван  зарчмыг тэнцвэртэй хангах нь  зүйтэй юм. Үүнд:

0

  1. Ажилтны өмнө хүлээх хариуцлага: Нийт ажилтнуудын эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, сургалт, боловсрол, хүний нөөцийн, цалин хөлсний, удирдлагын харилцаанд хуулийн хүрээнд  ажиллахаас гадна хүний нөөцийн бүхий л ажиллагааг хүний эрхийн тунхагт нийцүүлэн ажиллахыг эрмэлзэнэ.
  2. Байгаль орчны өмнө хүлээх хариуцлага: Компанийн үйл ажиллагаа болон үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нөөц баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт зэрэг олон асуудал хамаарна. Энэхүү хариуцлага нь зөвхөн уул уурхайн бизнес эрхлэгчид хамаарах асуудал биш бөгөөд үйлдвэрлэлийн явцад гарч буй хог хаягдлыг бууруулах, дэлхийн дулааралд нөлөөлж буй эрчим хүчний хэрэглээг зүй зохистой ашиглах, өдөр тутмын үйл ажиллагаанд хэмнэлт бий болгох, цаасны хэрэглээг багасгаж цахимжуулах зэрэгээр аль ч төрлийн бизнесийн үйл ажиллагаанд нийцүүлж ажиллахыг эрмэлзэнэ.
  3. Улс орны өмнө хүлээх хариуцлага: Улс орон, орон нутгийн эдийн засагт оруулж буй компанийн шууд болон шууд бус бүх төрлийн хувь нэмэр нь энэхүү хэсэгт хамаарах бөгөөд татвараа шударгаар төлөх, авилгалаас ангид байх, нийгмийн сайн сайхны төлөө ашгийн  бус үйл ажиллагааг санхүүжүүлэх зэрэг ажлуудыг хийхийг эрмэлзэнэ.

0

  1. Компаний нийгмийн хариуцлагаа таниулан сурталчлах

0

      КНХ-ын бодлого, хандив ивээн тэтгэлэгийн бодлого, олон нийттэй харилцах бодлого зэргээ гарган олон нийтэд нээлттэй танилцуулах нь зорилтот бус элдэв саналаас  татгалзах эелдэг шалтгаан болдог. Мөн КНХ-ын чиглэлээр гүйцэтгэсэнсэн ажлуудаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах нь хэрэглэгч, харилцагч, нийлүүлэгчид, улс орны хэмжээнд танигдах маш сайн гүүр болж, хэвлэл мэдээллийнхэн энэ чиглэлээр үнэ төлбөргүй сурталчилж өгдөг төдийгүй  цахим ертөнц хөгжсөн өнөө үед олон нийтийн талархлыг хүлээх магадлал ихтэй. Энэ төрлийн мэдээлэл нь   өрсөлдөгчөөс ялгарах давуу талыг  бий болгох төдийгүй нийгэмд эерэг хандлага сэтгэлгээг төлөвшүүлэхэд ч нөлөөлж чадах боломжтой. Түүнчлэн КНХ нь нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаа биш учир урт хугацааны нэр хүнд, үр ашгийг бий болгох үргэлжилсэн процесс болж  хэрэглэгчдийг татаж, бусад нийлүүлэгч хамтрагчдын хувьд хамтран ажиллах хүсэл сонирхлыг төрүүлэх болно. Иймд тухайн хийсэн үйл ажиллагаагаа зүгээр нэг албан бичгээр хэрэгтэй үед нь шаардлагатай хүнд нь үзүүлэхээс илүүтэйгээр ил тод харуулах нь олон талын үр ашигтай байна.

0

  1. Компанийн нийгмийн хариуцлага, нийгмийн хариуцлагын тайлагналын үүсэл хөгжил 

0

      Хариуцлагатай байдлын тухай ойлголтыг анхлан 1987 онд НҮБ, тодруулбал Bruntland-н тайланд буюу олон улсын хэмжээнд “Хариуцлагатай буюу тогтвортой хөгжил нь хойч ирээдүй үеийн хэрэгцээгээ хангах чадамжинд сөргөөр нөлөөлөлгүйгээр өнөөгийн хэрэгцээгээ хангах явдал” хэмээн тодорхойлогдож байсан бөгөөд энэхүү тодорхойлолт нь эдийн засаг, нийгэм, байгаль орчны хоорондын хамааралтай байдал, үе хоорондын цаг хугацааны хэлхээ холбоосыг онцлон дурдсан. Олон улсын байгууллагууд болох Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын “Үндэстэн дамнасан корпорацын аргачлал, зааварчилгаа”, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Үндэстэн дамнасан корпораци, нийгмийн бодлогын норм, зарчмын тухай гурван талт тунхаглал”, Олон улсын стандартын байгууллагын “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зөвлөмж - ISO 26000 стандарт”, Нэгдсэн үндэстний байгууллагын “Даяар тайлагнах санаачлаг”, “Даян Дэлхийн Гэрээ” Европын Комиссын “Компанийн нийгмийн хариуцлагын Европын хүрээ” зэрэг бодлогын баримт бичгийг тус тус гаргасныг олон улсын хэмжээнд мөрдөж байна. Монгол улсын хувьд НҮБ-ын “Даян дэлхийн гэрээ”-нд анх нэгдэн орсноос хойш /2006-2011/ нийт 176 компани энэ гэрээнд нэгдэн орж байсан бол 2015 онд батлагдсан “Тогтвортой хөгжлийн зорилт”-д нийцүүлэн тайлан гаргах шалгуур өндөрсгөж, жил бүр татвар төлдөг болсон шалтгаанаар 2019 онд тус гэрээнд нэгдэн, тайлангаа хүргүүлж буй компанийн тоо 3 болон буурсан байна.

0

      Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл их уул уурхай, химийн бодис, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч, газрын тос ба газ зэрэг салбаруудад үйл ажиллагаа эрхлэгч томоохон компаниуд НХТ-ыг хэрэгжүүлж буй бөгөөд CorporateRegister.com-д дурдсанаар 2020 оны эхний 9 сарын байдлаар үйл ажиллагаагаараа томоохонд тооцогдох 300 гаруй химийн бодис үйлдвэрлэгч компаниуд, уул уурхайн компаниуд 290 гаруй НХТ, газрын тос болон газ үйлдвэрлэгчид нийт 200 гаруй, цахилгаан эрчим хүчний компаниуд 360 гаруй НХТ-ыг тус тус бэлтгэн гаргасан.

0

  1. Монгол Улс дахь Нийгмийн хариуцлагын бодлого чиглэл

0

      1991 онд өмч хувьчлалын хуулийг баталж, үйлдвэрүүдийн газруудыг хувьцаат компани болгох ажлыг эхлүүлсэн ба уг оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Монголын хөрөнгийн биржийг байгуулж байсан түүхтэй. Цаашлаад 1999 онд компанийн тухай хууль батлахдаа зэрэгцээд анх удаа “Компанийн засаглалын зарчмууд”-ыг мөн баталсан нь компанийн нийгмийн хариуцлагын суурь үндэс гэж хэлж болох засаглалд ач холбогдол өгсөн анхны чухал арга хэмжээ болсон юм. Мөн Олон улсын стандартын байгууллагаас баталсан Компанийн нийгмийн хариуцлагын ISO 26000:2010 стандартыг Монгол улсын хувьд “Нийгмийн хариуцлагын удирдамж /Зөвлөмж/” нэрээр MNS ISO 26000:2012 дугаартайгаар 2012 онд хэвлэгдэн батлагдсан байна.  Стандартад зааснаар нийгмийн хариуцлагын бүрэлдэхүүн хэсгүүдийг:

0

  •  байгууллагын засаглал, 
  •  хүний эрх, 
  •  хөдөлмөрлөх эрх, 
  •  хүрээлэн буй орчин,
  •  шударга ёсыг үйл ажиллагаандаа эрхэмлэх, 
  •  хэрэглэгчийн асуудал,
  •  нийгмийн оролцоо ба хөгжил гэсэн байдлаар тодорхойлсон байна. 

0

      Компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GTZ/, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Компанийн Засаглалын Хөгжлийн Төв, Oshmi групп, Зах зээл судлалын хүрээлэн зэрэг байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Дээрх байгууллагууд нь “Компанийн нийгмийн хариуцлагын талаарх монгол улсын төрийн бодлого, түүний хэрэгжилт”, “Монголын уул уурхайн салбар дахь нийгмийн хариуцлага”, “Компанийн нийгмийн хариуцлага ба тогтвортой хөгжлийн зорилтууд”, “ТОП-100 компанийн засаглал” зэрэг судалгааг хийсэн байна. Дээрх “Монгол улсын ТОП-100 компанийн засаглал” судалгаанд 258 компани хамрагдсанаас 29.3 хувь нь компанийн нийгмийн хариуцлагын бие даасан бодлоготой, 67 хувь тодорхой үйл ажиллагааг санхүүжүүлдэг, 63 хувь нь жил бүр дээрх үйл ажиллагаанд 50-аас дээш сая төгрөгийг төсөвлөдөг байна. “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-д Монгол улс 2006 онд нэгдэн орж 2018 оны байдлаар нийт 1489 компани тайлан гаргаж байгаа бол Дэлхийн эдийн засгийн форумын “Авилгын эсрэг санаачилга”-д 160 гаруй компани нэгдсэн байна.

0

  1.  Тайлагналын хууль эрх зүйн зохицуулалт, дүрэм журам, стандарт

0

      Монгол Улсын Их Хурлаас 1993 онд анх “Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай” хууль, 1996 онд “Аудитын тухай” хуулиудыг тус тус баталж, Монгол Улсад Нягтлан Бодох Бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн бүртгэл хөтлөх асуудлыг хуульчилсан. Одоогийн байдлаар “ТӨРӨӨС КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО /2020-2027/” гэсэн 10 хуудаст бодлогын  дагуу үйл ажиллагааг зохицуулж байна.

0

Энэхүү бодлогыг боловсруулах үндэслэл нь: 

0

      Монгол улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаар тушаалыг тус тус үндэслэн 8 жилийн хугацаатай “Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого”-ыг боловсруулсан.

0

Бодлогын хамрах хүрээ 

0

      “Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого” /2020-2028/ нь дараах 5 үндсэн чиглэлийг хамарна. Үүнд: 

0

  1. Нэгдсэн ойлголтыг бий болгох, мэдлэг, мэдээлэл, сургалт, хэлэлцүүлэг тогтмол зохион байгуулах; 
  2. Бодлого, үйл ажиллагааг уялдуулах, хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын статусыг тодорхой болгох; 
  3.  Төрийн болон төрийн өмчит компанийн нийгмийн хариуцлага, ил тод байдал, тайлагналын тогтолцоог сайжруулах;
  4.  Нийгмийн хариуцлагатай компанийг бодлогоор дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх; 
  5.  Дотоодын болон олон улсын гэрээ, стандарт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах

0

Бодлогын зорилго:

0

      Компанийн нийгмийн хариуцлагын нэгдсэн ойлголтыг нийгмийн бүх төвшинд бий болгож, сургалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулснаар ач холбогдол, ойлголтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хувьд тогтвортой, нийгмийн зөв хандлагыг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг худалдан авалт, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, урамшууллын бодлогоор дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх, дотоодын болон олон улсын стандарт, зөвлөмжийг сайн дураар хэрэгжүүлэх компанийн тоог нэмэгдүүлж, бодлого, үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулан хэрэгжүүлэх төрийн байгууллагын чиг үүрэг, статусыг тодорхой болгох.

0

      Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх хугацаа нь 2020-2027 он хүртэл бөгөөд 2020-2023 болон 2024-2027 гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжих юм.

0

  1. Монголын уурхайнуудын НХТ-н хэрэгжилтийн судалгаа

0

      Монголын уул уурхайн салбар нь ISO 26000 стандартыг хэрхэн хэрэгжүүлж байгааг судалсан ба одоогоор томоохон хэдэн уурхай л НХТ-аа ил тодоор цахим хэлбэрээр тавьсан байна. 

0

Стандарт 

заалт

              компани

“Оюу-Толгой” ХХК

Энержи ресурс ХХК

“Эрдэнэт” ХХК

Багануур ХК

1. Байгууллагын засаглал

Компанийн засаглал нь удирдлагын баг болон төлөөлөн удирдах зөвлөл гэсэн хэсгээр ажилладаг ба нийтэд ил тод байдаг.

Компанийн засаглалын талаарх мэдээлэл ил тод биш.

Компанийн ерөнхий удирдлагуудын танилцуулга нийтэд ил.

Компанийн хувьцаа эзэмшигчид, ерөнхий удирдлагууд, ТУЗ-н мэдээлэл нийтэд ил тод.

2. Хүний эрх

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн сургалт зохион байгуулсан.

Хүний эрхийн сургалт нийт ажиллагсдын дунд 2011 оны 10-р сарын 15-17нд зохион байгуулагдсан.

 Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран “Жендер ба хүний эрх” сэдэвт сургалыг 2019 онд зохион байгуулсан.

Хүний эрхтэй холбогдсон үйл ажиллагаа төдийдөн явуулаагүй.

3. Хөдөлмөрлөх эрх

Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, амьдрал ахуйг дээшлүүлэх, хөдөлмөр, нийгэм, мэргэжлийн болон бусад ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалах зорилготой байгуулагдсан.

Ажилтнуудаа орон нутагт гэр бүлээр нь, тав тухтай шилжүүлэн суурьшуулах бодлогын хүрээнд Цогтцэций суманд орчин үеийн “Цэций” орон сууцны хороолол, “Уурхайчин” жишиг гэр хороололыгбарьж байгуулан ашиглалтанд оруулсан.

Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа эрх ашгийг "Хамтын гэрээ"-гээр зохицуулдаг. Энэ гэрээг ҮЭХ-той хамтран хэрэгжүүлдэг.

1100 санаа 1100 ажил зорилтот хөтөлбөрийн хүрээнд  ажилтнууддаа мэргэжил дээшлүүлэх  сургалт болон хоёрдогч мэргэжил эзэмших сургалтыг тогтмол зохион байгуулдаг.

4. Хүрээлэн буй орчин

Байгаль орчны ISO14001 стандартыг хэрэгжүүлдэг.2003 оноос эхлэн жил тутам байгаль орчинтой холбоотой 4 өөр төрлийн тайлан гаргасаар ирсэн.

Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015 стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг.Бодит тайлан байхгүй.

Байгаль орчны удирдлагын тогтолцооны менежментийн ISO 14001:2004 стандартыг хэрэгжүүлдэг6 Хяналт, нөхөн сэргээлт зэрэг хийсэн ажлаа онлайнаар мэдээллэдэг.

Орчны хяналт шинжилгээг хөтөлбөрийн дагуу хийлгэдэг.Мөн нөхөн сэргээлт,ногоон байгууламж зэрэг ажил нь нийтэд ил тод.

5. Шударга ёсыг үйл ажиллагаандаа эрхэмлэх

Дотоод үйл ажиллагаандаа байгууллагын журмыг даган мөрддөг.Мөн компани өөрсдийн биенесийн ёс зүйн зарчмыг эрхэмлэн ажилладаг.

Ажилтан сонгон шалгаруулах нь хуулийн дагуу ил тод явагддаг. 

Худалдан авалт болон үйл ажиллагаандаа байнгын хяналттай ажилладаг.

Ажилтныг ажилд сонгон шалгаруулах үйл ажиллагаа ил тод болдог.

6. Хэрэглэгийн асуудал

Хэрэглэгчдийн асуудал төдийлөн ил тод биш.

Хэрэглэгчдийн асуудал төдийлөн ил тод биш.

Хэрэглэгчдийн асуудал төдийлөн ил тод биш.

Хэрэглэгчдийн асуудал төдийлөн ил тод биш.

7. Нийгмийн оролцоо ба хөгжил

Боловсролыг ихээхэн дэмждэг ба багагүй хөрөнгө оруулалт оруулсан.Хөдөө орон нутгийн дэд бүтцийн хөгжилд хувь нэмрээ оруулсан.Нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг журмаа болгон ажилладаг.

Төсөл бүрийнхээ хүрээнд шинэ ажлын байрыг бий болгодог.Нийгмийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийсэн.Дотоодын ханган нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг.

“Эрдэнэт”сувилал, сургууль,спорт цогцолбор, урлагийн цогцолборыг барьж байгуулсан. Мөн Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаа.

Багануур дүүргийн төр захиргааны байгууллага, “Багануур” ХК-ийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажилласан.

0

  1. Оюу Толгой ХХК-ны НХТ

0

      Оюу Толгой ХХК нь уул уурхайн салбарын тэргүүлэгч компани бөгөөд нийгмийн хариуцлагын тайлангаа хэрхэн бэлтгэдэг талаар жишээ болгон авч үзье. 

0

      Оюу Толгой ХХК-ний үйл ажиллагаа нь Монгол улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй бөгөөд 2006 оноос хойш Рио Тинто, Туркойз Хилл Ресурс нар ойролцоогоор 6.2 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг төслийн хөгжүүлэлтийн ажилд зориулсан ба төслийн нийт ажилчдын 90 гаруй хувийг Монгол ажилчид бүрдүүлж байна. 2013 оны 6 дугаар сарын байдлаар Оюу Толгой нийт 1.1 тэрбум ам.долларыг татвар хураамж, болон бусад төлбөрөөр дамжуулан Монгол улсын засгийн газарт төлөөд байгаа юм. Компанийн байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлого үндсэн 5 чиглэлд хэрэгждэг.

0

Боловсрол ба сургалт 

0

      “Оюу толгой” ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай сургалт, боловсролын чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт 2010 оны 6 дугаар сард гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд таван жилийн хугацаанд Монгол Улсын ажиллах хүчийг хөгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог шинэчлэн сайжруулахад чиглэгдсэн хөтөлбөрүүдийг “Оюу толгой” компаниас 126 сая ам.доллараар санхүүжүүлэхээр тусгажээ.

0

Хөтөлбөрийн хүрээнд хийх ажлууд:

0

  • Боловсон хүчнээ бэлтгэх таван жилийн стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэх
  • Даланзадгад, нийслэлийн Налайх дүүрэгт Уул уурхайн жишиг сургууль барих
  • Өмнөговь аймгийн Ханбогд суманд Техникийн сургалтын төв, Дархан-Уул, Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежийн өргөтгөл, спорт заал, оюутны дотуур байр барих
  • Эрдэнэт, Улаанбаатар, Дархан,Чойр хот дахь мэргэжлийн боловсролын сургуулиудын сургалтын тоног төхөөрөмж, хичээлийн хөтөлбөрийг сайжруулахад хөрөнгө оруулах
  • 200 оюутныг дотоодын, 30 оюутныг гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр сургах

0

      Тооцооллоор 6,600 хол давсан хүмүүс эдгээр сургалтын төвүүдэд бэлтгэгдэх бөгөөд 1,200 гаруй мэргэжлийн сургалтын төвүүдэд багшлах багш, сурган хүмүүжүүлэгч нарыг Боловсролын Яамтай хамтран сургаж, бэлтгэж байна.

0

Байгаль орчин 

0

      “Оюу толгой”ХХК нь 2003 оноос эхлэн жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө болон хэрэгжилтийн тайланг  гаргаж ирсэн бөгөөд уг төлөвлөгөөндөө уг төслийн танилцуулга, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө зэрэг зүйлсийг тусгадаг байна.

0

Олон нийт

0

      Оюу Толгой байгаль орчинг хамгаалахаас гадна орон нутгийн ард иргэдийн амьдралыг сайжруулахад хувь нэмэр оруулахаар олон талын үйл ажиллагаа, санаа санаачилгыг хэрэгжүүлж байгаа бөгөөд Ханбогд сумыг генераторын тусламжтайгаар цахилгаанаар хангаж байсан бол яваандаа уурхайн цахилгааны шугаманд холбосон байна. Мөн түүнчлэн Ханбогд суманд боловсролын болон эрүүл мэндийн байгууламжууд, зам засвар сайжруулалтын ажлууд, төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийсэн.

0

Соёлын өв

0

      Соёлын өвийг хамгаалах хөтөлбөр нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд соёлын, түүхэн болон нийгмийн үнэт нөөц баялгийг хамгаалахад дэмжлэг болох шинэлэг санаачилга бөгөөд энэ нь хүний гараар бүтээгдсэн болон Өмнө Говь дах байгалийн өв соёлыг хамгаалахад зориулагдсан. Энэ ажлын хүрээнд Өмнө Говь аймгийн нутаг дэвсгэр дэх түүхэн ач холбогдол бүхий Дэмчигийн хийдийг зарим хэсгийг сэргээн засварласан, орон нутгийн 100 орчим ахмадууд хойч үедээ үндэсний дуунуудыг сийрүүлэн бичиж үлдээх ажил зэргийг дэмжин ажилласан.

0

Тайлагнал

0

      Оюу Толгой компанийн тайлагнал 2003 оноос эхэлсэн бөгөөд нийгэм, байгаль орчин, орон нутгийн гээд олон төрлийн тайлагналуудыг бэлтгэж, олон нийтэд ил тод болгосон байна. “Оюу Толгойн байгаль орчны хөтөлбөрийн биелэлт” болон “Оюу Толгойн байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө” тайлагналуудыг хамгийн тогтвортой бэлтгэдэг байна. Жил бүр харилцан адилгүйгээр олон нийттэй харилцах, усны хэрэглээний, барилга байгууламжийн зэрэг үнэлгээний тайлангуудыг бэлтгэсэн мөн бэлтгэж олон нийтэд толилуулсаар байна. Төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөг үнэлэх, түүнийг арилгах, бууруулах арга хэмжээ, төлөвлөгөөг боловсруулахын тулд  Нийгэм-эдийн засгийн болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2002 оноос хойш “Оюу толгой”-н лицензийн талбай, түүний үндсэн дэд бүтцийн талбайд хийж ирcэн бөгөөд шаардлагатай хууль тогтоомж, стандарт шаардлагуудтай нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг ба тэдгээрийг дурдвал

0

  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ
  • Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ 
  • Хамтын оролцоотой байгаль орчны хяналт, үнэлгээний хөтөлбөр
  •  Жил тутмын Байгаль орчны тайлан 

0

     Тогтвортой хөгжлийн тайлангийн хувьд анх 2013 онд бэлтгэж байсан боловч дараах жилүүдэд бэлтгэж олон нийтэд ил тод нийтлээгүй байна.

0

ДҮГНЭЛТ 

0

Уул уурхайн салбар нь улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж, дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувийг, аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний 72 хувийг, экспортын бүтээгдэхүүний 87 хувийг, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувийг тус тус бүрдүүлж манай улсын тэргүүлэх салбар болон хөгжиж байна. Гэвч уул уурхайг эсэргүүцэх, үгүйсгэх, цаашлаад энэхүү салбарын үйлдвэрлэлийг зогсоох хандлага нийт ард иргэдийн дунд түгээмэл ажиглагддаг. Чухамдаа уул уурхайн үйлдвэрлэлгүйгээр хөгжил дэвшил, бидний өдөр тутамдаа хэрэглэж буй бүхий л зүйлс оршин тогтнох боломжгүй юм. Тиймээс уул уурхайг жигшин үзэн ядах биш зөв шаардлагуудыг тавьж, хариуцлагатай үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжин ажилласнаар эдийн засаг болоод амьдрах таатай орчингоо бид цогцлоох боломжтой. Иймээс компанийн нийгмийн хариуцлагын тухай хэрэгжилт олон улсад хэрэгжилт өндөртэй байна. Харин Монгол улсад нийгмийн хариуцлагын тайланг хэрэгжүүлэх мөн таниулах үйл ажиллагаа эхлэл шатандаа өрнөж байна.  Одоогоор манай улсын ихэнх томоохон уурхайнууд тодорхой хэмжээний нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулдагч түүнийгээ ил тодоор буюу цахим хэлбэрээр тайлагнахгүй байна. Тиймээс энэхүү тайланг цаасан хэлбэрээс дижитал хэлбэр лүү шилжүүлэх шаардлага тулгараад байгаа. Үүний тулд Нийгмийн хариуцлагын тайлагналаа ил тод бүх хүнд хүргэснээр ямар том давуу талтай вэ гэдгийг ухуулан ойлгуулж, хуулийн хүрээнд тусгаж өгснөөр хариуцлагатай уул уурхайн тоо нэмэгдэх юм. Мөн ард иргэд зөв хандлагаар уул уурхайн салбарыг танин мэдэж, цаашлаад өөрсдөө зөв шаардлагыг уул уурхай эрхэлж буй компаниудад тавих боломж бүрдэнэ. Ингэснээр үүсээд буй буруу ойлголтыг засаж үйлдвэрлэлийн хөгжилд нааштай чиг хандлага авчрах юм. Мөн уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын тайлангаа гаргахдаа ISO 26000 стандартын дагуу гаргах нь зүйтэй.Одоогийн байдлаар стандартын зарим зүйлс орхигдсон байгаа ч цаашдаа төрөөс хууль зүйн орчинг бүрдүүлэн ажиллавал дутагдлаа засах  боломжтой.

0

НХТ-г хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс:

0

  • Компаниуд нийгмийн хариуцлагын тайландаа ямар нэгэн баталгаажуулалт хийгээгүй байгаа нь мэдээллийн үнэн зөв байдалд үнэлэлт өгөхөд хүндрэлтэй байна.

0

  • Компанийн нийгмийн хариуцлагатай буюу тогтвортой хөгжлийн асуудлыг оролцогч талуудын ашиг сонирхол нийцүүлэн үйл ажиллагаандаа тусгах, алсын хараа, үнэт зүйлс, зорилго зорилттойгоо нийгмийн хариуцлагыг уялдуулах нь чухал байна.
  • Материаллаг бөгөөд чухал асуудлуудыг тодорхойлох. Гол үйл ажиллагаа, санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллүүдийг тодорхойлсноор тайлангын бүтцийг тодорхойлох боломжтой. 
  • Тайлагналыг ил тод болгох, тогтмол тайлагнаж байх нь зүйтэй. 
  • Тайлагналын эргэх холбоог сайжруулж оролцогч талуудтай байнгын харилцаа холбоотой ажиллах, тэдний санал сэтгэгдлийг сонсох, хамтран ажиллах нь үр дүнтэй юм. 

0

Ном зүй

0

  1. Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого /2020-2027/
  2. CorporateRegister.com
  3. Ашигт малтмалын газар. (http://www.mram.gov.mn/)
  4. “Монголын хөрөнгийн бирж”
  5. “Оюу Толгой” ХХК ot.mn
  6. Energyresource.mn
  7. Baganuurmine.mn
  8. Erdenetmc.mn
  9. http://www.ord.mn/
  10. https://business.mn/
  11. http://nda.gov.mn/

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн