Буцах

2021003 - Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт дижитал шилжилт хийх замаар үнэ цэнийн гинжин хэлхээний удирдлагын загварыг сайжруулах боломж

Нийгэм

Хураангуй 

0

Дижитал шилжилт гэдэг нь дижитал технологийг бизнесийн бүхий л талбарт нэгтгэх замаар таны эрхэлж буй бизнес, хэрэглэгчдэд хүргэж буй үнэ цэнийг тань үндсээр нь өөрчлөх явдал юм. Өөрөөр хэлбэл энэ нь уламжлалт хандлагаасаа салж, туршилт хийж, алдаа дутагдлаа илрүүлж засахыг шаардах замаар тасралтгүй сорьж  байдаг байгууллагын соёлын өөрчлөлт юм.  

0

Нийлүүлэлтийн гинжин хэлхээ гэдэг нь түүхий эд бэлтгэн нийлүүлэгчээс үйлдвэрүүд болон бөөний төвүүдийг дамжин эцсийн хэрэглэгчид очиж байгаа материал, мэдээлэл, үйлчилгээний урсгал юм. Хөдөө аж ахуйн салбарын нийлүүлэлтийн гинжин хэлхээг дижиталчлах зорилго нь асуудлыг оновчтой шийдвэрлэхийн тулд биет үйл явцыг дижитал өгөгдөлтэй нэгтгэх явдал юм. Ингэснээр захиалгын биелэлтийг урьдчилан таамаглах, үйл ажиллагааны процессийг дижитал хэлбэрт шилжүүлэх, логистикийг илүү сайн удирдахын тулд дижитал технологи ашиглан үйл явцыг хэмжиж, хянах боломжтой болно.  

0

Сүүлийн 30 жилийн хугацаанд глобалчлал хурдацтай явагдаж, өөрийн хэрэгцээг өөрөө бүрэн хангадаг эдийн засаг дэлхий дээр үгүй болж, улс орнуудын эдийн засаг хоорондоо ихээхэн хамааралтай болсон бол Ковид-19 цар тахал гарснаар глобалчлал нэг алхам ухарч, хүмүүсийн хоорондын нийгэм, эдийн засгийн харилцаа дижитал технологид бүрэн шилжиж, улс орнуудын эдийн засгийн дархлааг шалгах болов. Энэхүү судалгааны ажлаар Монгол улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, хөдөө аж ахуйн салбарт дижитал шилжилт хийх замаар богино болон урт хугацаанд эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэхийг судалж, малын гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлагын загварыг сайжруулах замаар оролцогч талуудад очих үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжийг тодорхойлохыг оролдов.

0

Түлхүүр үг:  Дижитал технологи, Нийлүүлэлтийн гинжин хэлхээ, Түүхий эдийг мөшгөх тогтолцоо

0

Удиртгал

0

“Хүн амын тоо геометр прогрессоор, хүнс тэжээл арифметик прогрессоор өсөж ирээдүйд өлсгөлөн, гуйланчлал газар авна” гэж нэрт эдийн засагч Томас Мальтус (1798) хэлсэн байдаг. Гэвч түүнээс хойш хүн төрөлхтөн олон шинэ технологийг бүтээж, аж үйлдвэрийн 4 хувьсгалыг хийж, шинэ нөөцүүдийг олж илрүүлж, эдийн засгийн шинжлэх ухааны үндсэн судлах зүйл болох хязгааргүй өсөн нэмэгдэх хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр зүй зохистой хангах арга замуудыг тасралтгүй нээн илрүүлж явсаар өнөөдөр тэр үетэй харьцуулахад дэлхийн 1 хүнд ногдох ДНБ 11 дахин өсөж, дундаж наслалт 2.5 дахин нэмэгдэж, мэдлэгийн их нөөцийг бий болгосоор байна. 

0

Гэсэн хэдий ч өнөөдөр улс орнуудын хөгжлийн ялгаа их, ард түмний орлогын хуваарилалт тэгш бус, уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаль экологийн асуудлууд бий болж, дэлхийн хүн амын даац хэтэрч, нөөцийн хомсдолд орох эрсдэл цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэж байна. Өсөн нэмэгдэж буй хүнсний хэрэгцээ, байгалийн баялгийн хязгаарлагдмал нөөц, хөдөө аж ахуйн бүтээмжийн тодорхойгүй байдал зэрэг хүнс, хөдөө аж ахуйн салбарын өмнө тулгараад байгаа ирээдүйн гол чиг хандлагыг үл харгалзан өнөөдрийн 7.8 тэрбум хүн 2050 он гэхэд 9.8 тэрбумд хүрэхээр таамаглаж буй нь дэлхийн хүнсний эрэлтэд ихээхэн нөлөөлөхөөр байна. Мөн ойрын ирээдүйд хотжилт ихээхэн нэмэгдэж 2050 он гэхэд ойролцоогоор дэлхийн нийт хүн амын 66 хувь нь хотод амьдрах хүлээлттэй байна. Улмаар 2030 он гэхэд усны хэрэгцээний 40 хувь нь хангагдахгүй байх магадлалтай ба өнөөдөр тариалангийн талбайн 20 гаруй хувь нь аль хэдийн доройтолд орсон байна.

0

Жилийн үр тарианы үйлдвэрлэл 2050 он гэхэд 3 тэрбум тонноор нэмэгдэх шаардлагатай болох (Alexandratos ба Bruinsma, 2012) ба хөгжил буурай орнуудын махны эрэлт 2030 он гэхэд 80 хувиар, 2050 он гэхэд 200 хувиар өсөх болно. Хэдийгээр өнөөдөр бид дэлхий даяар 570 сая гаруй жижиг аж ахуй эрхэлдэг дэлхийг тэжээх хэмжээний хоол хүнс үйлдвэрлэдэг хүнсний системүүдтэй болсон (Lowder нар, 2016), мөн хөдөө аж ахуй болон хүнсний үйлдвэрлэлийн салбарт дэлхийн нийт ажиллах хүчний 28 хувь нь ажиллаж байгаа боловч 821 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна.

0

НҮБ-ын ХХААБ өсөн нэмэгдэж буй хүнсний хэрэгцээг хангах боломжтой гэж үзэж байгаа ч тогтвортой, хүртээмжтэй байдлаар үүнийг хэр зэрэг хангаж чадах нь тодорхойгүй байгаа тул “2050 он гэхэд 9 тэрбум хүний хүнсний хэрэгцээг хэрхэн хангах вэ?” гэсэн асуудал тулгарч байна. Үүнд хариулахын тулд бид нэн түрүүнд хөдөө аж ахуйн системийн өөрчлөлтийг маш хурдтай хийх шаардлагатай байна.

0

Үүний зэрэгцээ Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал (Аж үйлдвэр 4.0) нь дижитал технологи ба инновацид хөтөлж олон салбарыг өөрчилж байгаа бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн салбар нь энэ үйл явцаас ангид биш юм. Саяхныг хүртэл жижиг тариалан эрхлэгчид болон малчдын хувьд орц, зах зээл, үнэ, бичил санхүү, суралцах зэрэг үндсэн хэрэгцээ, бэрхшээлийн талаар мэдээлэл солилцох нь хүндрэлтэй байв. Гар утасны технологи (ухаалаг утас), сүүлийн үеийн алсын зайнаас хянах үйлчилгээ болон тархай тооцооллын тархалт нь жижиг тариалан эрхлэгчид болон малчдыг шинэ хөдөө аж ахуйн дижитал системд нэгтгэх боломжийг нээж байна (НҮБ-ийн тусламжийн хөтөлбөр, 2018). Эдгээр өөрчлөлтийг өргөжүүлэх боломж нь дараагийн хөдөө аж ахуйн хувьсгал хийх боломжийг ямар ч эргэлзээгүйгээр дижитал шинж чанартай болгоно. Гар утасны холболтын дараагийн давалгааны дийлэнх нь хөдөө орон нутагт хийгдэнэ гэж тооцоолж байна (Palmer ба Darabian, 2017). Дижитал хэрэгслүүдийн тархалт хурдацтай явагдаж байна. Хөгжиж буй орнуудын хамгийн ядуу 20 хувийг судалж үзэхэд 70 хувь нь гар утас ашиглах боломжтой байдаг (Дэлхийн банк, 2016a). Дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь интернет холболттой бөгөөд үлдсэн  хүмүүсийг, ялангуяа хөгжиж буй орнуудын хөдөө, орон нутгийн иргэдийг холбох томоохон санаачлагууд гарч байна (Дэлхийн банк, 2016b). Аж үйлдвэр 4.0-ийг харгалзан үзвэл ойрын 10 жилийн хугацаанд дэвшилтэт дижитал технологи болон инновацид хөтлөгдөн (блокчэйн, юмсын интернет, хиймэл оюун ухаан, VR зэрэг) хөдөө аж ахуйн тогтолцоонд эрс өөрчлөлт гарснаар хэрэглэгчийн сонголт, эрэлт хэрэгцээ өөрчлөгдөж, дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа, уур амьсгалын өөрчлөлт болон бусад хүчин зүйлсэд цахим худалдааны үзүүлэх нөлөө мөн өөрчлөгдөнө гэж таамаглаж байна. НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрч, 2030 он гэхэд өлсгөлөнгүй дэлхий болохын тулд НҮБ-ын ХХААБ илүү бүтээмжтэй, үр ашигтай, тогтвортой, уян хатан хүнсний системийг бий болгохыг уриалж байна. Эдгээр амжилтанд хүрэх боломжийг олгоход хөдөө аж ахуйн дижитал шилжилт чухал үүрэг гүйцэтгэх юм. 

0

 Судалгааны үндэслэл

0

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийг шаардлагатай мэдээллээр хангах нь худалдан авалт, борлуулалтын зардлыг бууруулж, бүтээгдэхүүний хэрэглэгчдэд хүргэх сүлжээг хялбарчилж, мэргэшсэн ажиллах хүчний хомсдолыг бууруулна. Бизнес эрхлэгчид цөөн тооны нөөцөөр илүү их хүнс үйлдвэрлэх шаардлагатай байгаа тул хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологид томоохон нээлт хийх шаардлагатай байна.

0

Тоон хэлбэржилтгүйгээр ажиллана гэдэг нь дэлхийн өрсөлдөөнд ялагдана гэсэн үг юм. Зах зээл дээр өрсөлдөх чадвараа хадгалахын тулд хэрэглэгчдийн эрэлт, хүсэл сонирхлоос хамаарч бүтээгдэхүүний нийлүүлэлтийг урьдчилан таамаглах, тэдэнд баталгаатай, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлага гарч ирж байна.

0

Хөдөө аж ахуйн салбар хөгжсөн орнуудын туршлагаас харахад мэдээллийн технологи болох гар утасны болон онлайн програмуудыг ашиглах, зайнаас мэдрэгч төхөөрөмж, дрон, хиймэл дагуул болон бусад гадны програмуудаас олж авсан өгөгдлийг ашиглан үйлдвэрлэлд нэвтрүүлснээр оновчтой шийдвэр гарган төлөвлөгдөөгүй зардлыг 20% хүртэл бууруулж чаджээ. Шинэ технологиуд нь бүтээгдэхүүнээ сурталчлах талбараас хэрэглэгч рүү чиглэсэн бүхэл бүтэн замыг мөрдөх боломжийг олгодог бөгөөд энэ нь түүний чанарыг баталгаажуулж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцдэг. Эдгээр үндэслэл бүхий шалтгаанаар Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт дижитал шилжилт хийх боломжийг судлав. 

0

Судалгааны таамаглал ба арга зүй

0

  • Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын үнэ цэнийн гинжин хэлхээний удирдлагын өнөөгийн загвар нь үр ашигтай ажиллахгүй байгаагаас хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт гүйцэтгэх үүрэг сул байна. 
  • Хөдөө аж ахуйн салбарт дижитал шилжилт хийж буй бусад орны туршлагыг судлан, Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт дижитал шилжилт хийх замаар үнэ цэнийн гинжин хэлхээний удирдлагын загварыг сайжруулах боломжтой.  

0

Судалгааны арга зүйн хувьд позитив болон норматив эдийн засгийн шинжилгээ хийв. 

0

Хөдөө аж ахуй 4.0

0

Хөдөө аж ахуй 4.0 гэсэн ойлголт нь Аж үйлдвэр 4.0 гэсэн ойлголтоос үүдэлтэй бөгөөд байгууллага, хэрэглэгчид болон бусад оролцогч талуудыг нэгтгэсэн үнэ цэнийн гинжин хэлхээг бий болгохын тулд дижитал технологийг нэвтрүүлэхийг хэлнэ. Нарийвчлалтай хөдөө аж ахуй гэдэг нь тодорхой зорилготойгоор янз бүрийн эх үүсвэрээс дижитал өгөгдлийг цуглуулах, хадгалах, боловсруулах, хуваалцах замаар тодорхойлогдсон шинж чанарыг хэлэх бол харин ухаалаг хөдөө аж ахуй нь анхдагч өгөгдлийг хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд хэрэгтэй мэдээлэл болгон хөрвүүлэхэд дэмжлэг үзүүлдэг нэгдсэн дижитал бүрэлдэхүүн бүхий програм хангамжийн системийг хэрэгжүүлэхэд оршино. 

0

Аж үйлдвэр 4.0 болон нарийвчлалтай хөдөө аж ахуй нь олон нийтлэг зорилготой. Хамгийн чухал нь процессийг дижиталчлах, роботжуулалт ба процессийн автоматжуулалт, гипер холболт, их хэмжээний өгөгдлийг холбох болон машин сургалт юм. Эдгээр технологийн 4 бүлэг нь:

0

  1. Хөдөө аж ахуйн мэдлэг ба мэдээллийн систем
  2. Зах зээлд нэвтрэх боломжоор хангах хэрэгсэл ба үйлчилгээ
  3. Менежментийн янз бүрийн хэлбэр дэх бизнесийн үйл явцын автоматжуулалт
  4. Бүс нутгийн хүнсний аюулгүй байдлыг хангах үйл явцын автоматжуулалт

0

Хөдөө аж ахуй дахь дижитал технологиуд

0

Аж үйлдвэр 4.0 нь кибер-физик системүүд, Юмсын интернет технологиуд, Хиймэл оюун ухаан ба Машин сургалт, Их өгөгдөл ба Аналитик, Үүлэн технологи зэргийг хөдөө аж ахуйн техник хэрэгсэлтэй нэгтгэх замаар хөдөө аж ахуйн үйл ажиллагааг үнэлдэг. Кибер-физик системүүд нь хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хянах, удирдах шинэлэг шийдлүүдийг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Нийлүүлэлтийн сүлжээгээр дамжих хүнсний бүтээгдэхүүний урсгал муудахад нөлөөлөх болзошгүй эрсдлийг бий болгох магадлалтай гэнэтийн үйл явдал, нөхцөл байдлыг хянахад зайнаас мэдрэгч төхөөрөмж болон ухаалаг програмууд чухал үүрэгтэй.

0

Малчид болон тариаланчидад үйл ажиллагааны онцлогоос хамааран үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, ажиллах хүч зэрэг нөөцийн хэрэглээ, зардал, тоон болон чанарын үйлдвэрлэлийн боломжуудаа оновчтой болгох олон тооны батлагдсан загварууд байдаг. Хамгийн их дэмжигдсэн загварууд нь объектийг таних, газар зүйн лавлагаа, физик болон химийн үзүүлэлтүүдийг хэмжих, хиймэл дагуулын навигаци, алсын зайн холболт, өгөгдөл хадгалах, дүн шинжилгээ хийх, процессийн автоматжуулалт болон дрон ба удирдлагатай машиныг жолоодох зэрэг юм.

0

Ирэх жилүүдэд хөдөө аж ахуйгаар дамжуулан тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах технологийн шийдлүүдийн заримаас нь дурьдвал ил тод байдал ба хүнсний аюулгүй байдалтай холбоотой блокчэйн технологи, дэвшилтэт генетик, хяналттай хүрээлэн буй орчны хөдөө аж ахуй ба босоо аж ахуй, биотехнологи зэрэг юм. Эдгээр нь шинэ бизнес болон үйлчилгээг эхлүүлэх, хөгжүүлэх боломжийг олгохоос гадна байгаль орчны тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг.

0

Хөдөө аж ахуй дахь дижитал шилжилт

0

Өсөлт, өргөжилт, чанар болон тогтвортой байдлыг эрэлхийлж буй аливаа бизнесийн хэрэгцээнд дижитал шилжилт зайлшгүй шаардлагатай ч цаг уурын өөрчлөлт, нөөцийн хязгаарлагдмал боломж, өртөг, зах зээлийн тогтворгүй байдал нь малчид, тариаланчид болон бодлого боловсруулагчдын аль алиных нь шийдвэр гаргах түвшинг хязгаарлаж байна. Үүнтэй уялдан дижитал стратеги боловсруулах шаардлага мөн гарч ирж байна.

0

Дижитал хөдөө аж ахуй нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэнийн гинжин хэлхээний бүх хэсгийг үндсээр нь өөрчлөх болно. Дижитал хөдөө аж ахуй нь малчид болон тариаланчдын зан төлөвт нөлөөлөхөөс гадна түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид болон жижиглэнгийн компаниудын зах зээл дээр тэдгээрийн бүтээгдэхүүний үнэ болон борлуулалтад нөлөөлөх болно. Үүнийг хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тогтолцоонд бүх талаар ашиглах боломжтой бөгөөд хугацааны тухайн бодит агшинд нягт уялдаа холбоотойгоор өгөгдөл мэдээлэлд суурилан өндөр оновчлолтой, бие даасан, ухаалаг, урьдчилан таамаглах боломжтойгоор нөөцийн ерөнхий удирдлагыг хэрэгжүүлэхэд тусалдаг. Жишээ нь, бүх бэлчээр, тариалангийн талбай, үнэ цэнийн гинжин хэлхээг нэгэн жигд авч үзэхээс илүүтэйгээр тус бүрийн өндөр оновчтой удирдлагын жорыг гарган авч, мөн мал амьтдыг тус бүрт нь хянаж, удирдаж болно. Дижитал хөдөө аж ахуйн хүсч буй үр дүн нь хүнсний илүү аюулгүй байдлыг хангах үүднээс аюулгүй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, урьдчилан таамаглахуйц, өндөр бүтээмжтэй, ашигтай бөгөөд тогтвортой тогтолцоог бий болгох явдал юм. Дижитал технологийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэнийн гинжин хэлхээнд нэгдэх явдал нь гинжин хэлхээний тодорхой нэг хэсгийн нарийн төвөгтэй, цогц байдал болон төлөвшлийн үе шатаас хамаарна. Иймд дижитал технологийг цогц бөгөөд салбарт нэвтрэх үе шатаас нь хамааруулан дараах байдлаар ангилж авч үзнэ:

0

  1. Хөдөлгөөнт төхөөрөмж болон олон нийтийн сүлжээ
  2. Нарийвчлалтай хөдөө аж ахуй ба зайнаас тандан судлах технологи (IoT, GNSS, RTK, VRT, UAV, болон хиймэл дагуулын зураглал)
  3. Их өгөгдөл, үүлэн технологи, аналитик ба кибер аюулгүй байдал
  4. Ухаалаг системүүд (Гүн сургалт, Машин сургалт, Хиймэл оюун ухаан, роботууд ба өөрийн удирдлагатай системүүд)

0

Хөдөө аж ахуйн дижитал шилжилтийн нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөө

0

НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудад ядуурлыг устгаж, эрүүл мэнд болон боловсролыг сайжруулж, тэгш бус байдлыг багасган, эдийн засгийн өсөлтийг дэмжиж хэнийг ч хойноо үлдээхгүй байхын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, далай болон ойгоо хамгаалахын төлөө хамтран ажиллахаа тусгасан байдаг. Хөдөө аж ахуйн салбарт дижитал шилжилт хийснээр дараах 3 талбарт ямар ахиц дэвшил гарахыг авч үзвэл:

0

  1. Эдийн засаг: Хөдөө аж ахуйн туршлага болон технологи нь бүтээмжийг нэмэгдүүлж, үйлдвэрлэл логистикийн зардлыг бууруулж, хүнсний хог хаягдлыг багасган, зах зээлийн боломжуудыг нэмэгдүүлж, малчид болон газар тариаланчид, үнэ цэнийн гинжин хэлхээ ба улс орны түвшинд тогтвортой байдлыг бий болгож, салбарын болон үндэсний ДНБ-ийг өсгөнө.
  2. Нийгэм, соёл: Технологи нь тэдгээрийн хангаж буй харилцаа холбооны механизмаар дамжуулан нийгэм, соёлын түвшинд нэгтгэх үр нөлөөг бий болгож чадна. Үүнтэй зэрэгцэн дижитал хуваагдал явагдах боломжгүй байгаа нэгэн нь үүний ашиг тусыг хүртэж чадалгүй үлдэнэ. Энэхүү гадуурхалтад нөлөөлж буй зарим хүчин зүйл нь нас, хүйс, залуус, хэл болон хот хөдөөгийн ялгаа зэрэг зүйлс байна.
  3. Байгаль орчин: Ухаалаг буюу дижитал хөдөө аж ахуй нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн процесс, мөн түүнчлэн үнэ цэнийн гинжин хэлхээ болон бүтээгдэхүүн хүргэлтийг хянаж, оновчлох боломж олгодог. Дижитал технологийг ашиглах нь цаг уурын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, дасан зохицох, байгалийн нөөцийг оновчтой ашиглах боломжийг олгодог. 

0

Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал

0

Хөдөө аж ахуйн салбарын ДНБ 2020 оны байдлаар Монгол улсын бодит ДНБ 18 их наяд төгрөгт хүрч сүүлийн 10 жилд 1,85 дахин өсч жилд дунджаар 7% өсөлттэй байсан ба салбараар авч үзвэл 2000 онд Хөдөө аж ахуйн салбар 27,4 хувийг, Аж үйлдвэрийн салбар 26 хувийг эзэлж байсан бол 2020 онд ХАА салбар 10,7 хувь болж буурсан ба  АҮ салбар 41,3 хувь болж өссөн байгаа нь ХАА-н салбарын өсөлтийн хурдац бусад салбараас ихээхэн хоцорч байгааг харуулж байна. 

0

Монгол улсын нийт хүн амын 32% нь хөдөө орон нутагт суурьшин амьдардаг ба нийт ажиллах хүчний 25.3 хувь нь энэ салбарт ажиллаж байна. 

0

Хөдөө аж ахуйн салбарын үнэ цэнийн гинжин хэлхээний өнөөгийн загвар:

0

0

Зураг 1. ХАА-н бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гинжин хэлхээ

0

Газар ашиглалт: Газар ашиглалтын судалгаа нь статик утгаараа тухайн газар нутгийн физик шинж чанарын тодорхойлолт, түүнийг дагалдсан нийгэм, эдийн засгийн хэв шинжийг дүрсэлсэн байдаг. Динамик утгаараа энэ нь газрыг өөр хувилбараар ашиглах өрсөлдөөн, газар ашиглалтад нөлөөлөх өнөөгийн болон боломжит хүчин чадлын талаар авч үздэг. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 73.4 хувийг хөдөө аж ахуйн газар эзэлж байгаа бөгөөд үүнээс бэлчээрийн газар 110391.6 мянган га буюу 96.1 хувь, хадлангийн газар 1709.1 мянган га буюу 1.5 хувь, тариалангийн газар 1100.8 мянган га буюу 1.0 хувь, атаршсан газар 231.6 мянган га буюу 0.2 хувь, хөдөө аж ахуйн барилга, байгууламжийн дэвсгэр газар 116.4 мянган га буюу 0.1 хувь, хөдөө аж ахуйн хэрэгцээнд тохиромжгүй газар 1259.7 мянган га буюу 1.1 хувийг тус тус эзэлж байна.

0

Монгол орны хөрсөнд хийсэн судалгаагаар нийт хөрсний 44% чийг хангалтгүй, 37% хуурайшилттай, 6% ган тохиолдох магадлалтай гээд нийтдээ газар тариалан эрхлэхэд тааламжгүй гэсэн үр дүн гарсан. Гэсэн хэдий ч 2020 оны байдлаар манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 306.0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай, түүнчлэн 180.0 мянган тонн төмс, 251.0 мянган тонн хүнсний ногоо шаардлагатай бөгөөд балансаас харахад улаанбуудай, төмсний  хэрэгцээгээ бүрэн, гол нэрийн хүнсний ногооны 60 орчим хувийг, бага тархацтай ногооны 45 хувийг тус тус дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байгаа юм. 

0

2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав. Зуншлагын байдал 2019 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд хэвийн, 30 гаруй хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй байна.

0

Мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудал

0

  • Орон нутгийн зах зээлийн эдийн засаг хөгжил дэвшил муутай байна.

0

Өнөөдөр мах, сүүн бүтээгдэхүүнийг орон нутагт үндсэндээ гар аргаар боловсруулсан хэвээр байна. Харин арьс, шир, ноос, ноолуурын маш багахан хувийг дотоодын үйлдвэрт боловсруулж, ихэнх хэсэг нь нэмэгдсэн өртөг шингээгүй, боловсруулалт хийлгүйгээр угаасан, самнасан байдлаар гадаад зах зээлд гаргаж байна. Боловсруулалт хийсэн арьс шир анхны өртгөөсөө даруй 10-100 дахин өндөр үнэлгээтэйгээр гадны зах зээлд борлогдож байна. ХХАХҮЯ-ны 2016 оны тайланд дурьдсанаар мах 2.3%, сүү 8%, угаасан ноос 25.5%, самнасан ноолуур 8.3%, үхрийн шир 35.3%, хонины арьс 7.4%, ямааны арьс 10.4%-ийн боловсруулалттай байна. Иймд бүс нутгийн тулгуур төв болон шаардлагатай газруудад нь мал аж ахуйн түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийх, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг барьж байгуулах нь хүлээгдэж байгаа зорилт хэвээр байгаа ба энэ салбарт хийсэн хөрөнгө оруулалт 2019 оны байдлаар 114754.8 сая төгрөг ба  нийт хөрөнгө оруулалтын нэг хүрэхгүй хувийг эзэлж байна.

0

  • Эргэх холбоо байхгүй байна.

0

Бүтээгдэхүүний эргэн мөшгих тогтолцоо байхгүйгээс үүдэн эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэл бий болж, яг аль шатандаа асуудал үүссэнийг илрүүлж чадалгүйгээр хэрэглэгчид очих үнэ цэнэ буурч үүнийгээ дагаад малын тоогоороо дэлхийд дээгүүр жагсдаг манай улсын хувьд энэ салбарын бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь бага байна.

0

  • Тоо өссөн ч чанар буурсаар. 

0

Малын тоо толгой 20 жилийн дотор 2 дахин өсч үүнийгээ дагаад эдийн засаг малчны амьжиргаанд эерэг нөлөө үзүүлсэн ч өнөөдөр нийт бэлчээрийн 60% доройтолд орсон, 40% даац хэтэрсэн үзүүлэлттэй байгаа нь эргээд малын чанар, эрүүл мэнд муудах болон цөлжилт ихсэх шалтгаан болж байна. Бэлчээрийн зориулалтаар ашиглах боломжтой газрын хувьд одоогоос 20 жилийн өмнө инженерийн болон энгийн хийцтэй 41000 худаг (ил ус оруулахгүй) байсан бол өдгөө малын тоо толгой 2 дахин нэмэгдэхэд энэ тоо 2 дахин буурсан үзүүлэлттэй байна.

0

  • Цаг агаарын өөрчлөлт хөдөө аж ахуйн салбарт нөлөөлсөөр байна.

0

Манай орны жилийн дундаж агаарын температур ойролцоогоор сүүлийн 80 жилд 2.25°C-ээр дулаарсан байна. Үүнтэй холбогдон ургамлын бүтцэд өөрчлөлт орж, зарим ургамал устаж малын бие организмд ч өөрчлөлт орж түүнийг хэрхэн шийдвэрлэх, хамгийн ашигтай нөхцлөөр яаж дасан зохицох вэ гэсэн шаардлага гарч ирээд байна. Мөн сүүлийн жилүүдэд тохиолдож байгаагүй цаг агаарын гамшигт үзэгдэлийн давтамж ихсэн төлөвлөгдөөгүй  асуудлууд (ган, бэлчээрийн доройтол, малчидын орлогын бууралт, бүтээгдэхүүний нөөцийн дутагдал, үнийн хөөрөгдөл) гарч, малын хорогдол ихсэн, бэлчээр болон байгалийн бүтцэд өөрчлөлт орсоор байна.

0

  • Эмийн ургамлын нөөцийг судалж эмийн бүтээгдэхүүний түүхий эдийг хангах талаарх судалгаа хийх. Эмийн ургамал тариалах, түүх талбайг бэлчээрээс ялгаж өгөх шаардлагатай байна.

0

  • Бэлчээр бэлтгэхтэй холбоотой хүлэмжийн хийн ялгарал ихэсч байгаа тул малын зохистой хамгийн их тоо толгойг тогтоож, малын хөлийн татвар ногдуулах зэргээр арга хэмжээ авах хэрэгтэй. Малын тоо толгойд бус малын зөв бүтэц, малын гаралтай түүхий эдийн чанарт илүү их анхаарах. Үүний тулд малаа цаг тухайд нь вакцинжуулах, бэлчээрээ нөхөн сэргээх, хадлан тэжээл бэлтгэх, фермерийн мал аж ахуйг хөгжүүлэх, Ер нь бол малчдын хоршоо байгуулах замаар бэлчээрийн менежмент хийх, чанартай малын түүхий эд бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай.  

0

  • Түүхий эдийг татах дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай /засмал зам, мал нядалгааны газар, хөргөлтийн цэг гэх мэт/ байна.

0

ХАА-н салбарт тулгамдаж буй олон асуудлууд одоог хүртэл шийдэгдээгүй гол шалтгаан нь зөв менежмент, зөв загвараа сонгож бүрдүүлж чадаагүйнх юм. 2019 оны байдлаар ХАА бүтээгдэхүүний экспорт 621,4 сая ам.дол, импорт 732,6 сая ам.дол байсан ба ХАА эрхэлдэг улсын хувьд экспортоос давсан импорт үүссэн нь нөгөө боловсруулалтгүй гаргадаг түүхий эд, бодлого шийдвэрийн дутагдлаас үүссэн ба бага хүчин чадалтай холбоотой.   Мэдээлэл технологийн эрин үе болох өнөө үед  мэдлэггүй бус мэдээллээр дутсан малчид, үйлдвэрлэгчид хаана юунаас болоод ямар асуудал гарч байгаа, яаж шийдвэрлэх, болон хэрхэн оролцох талаар маш цөөн тооны эх үүсвэрээс мэдээлэл авч, тэдэнд зориулсан нэгдсэн систем байхгүй байгаатай холбоотойгоор энэ салбарын асуудал эхний цэг дээрээ гацаж, урьдын л адил ярилцсаар, шийдэх гэж оролдсоор байна. 

0

Монгол улсад дижитал шилжилт хийх суурь нөхцөл

0

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 2018 онд гаргасан “Хөдөө аж ахуй ба хөдөө орон нутгийн дижитал технологийн төлөв байдлын тайлан”-д дэлхийн улс орнуудын дижитал шилжилт хийх суурь нөхцөл ямар байгааг судалж, үнэлгээ өгөн эрэмбэлсэн байсан бөгөөд энэхүү тайлангаас Монгол улстай холбоотой мэдээллийг цуглуулан дараах байдлаар ангилан авч үзэж дижитал шилжилт хийх суурь нөхцлийг тодорхойлъё: 

0

  • Дэд бүтцийн хувьд. 100 хүнд ногдох гар утасны тоо 80 гаруй (2016, 49-р байр) байсан нь Герман, Бельги, Канад зэрэг улсаас ч өндөр байв. Хүн амын 95 орчим хувь нь 3G сүлжээнд холбогдох боломжтой (2016, 75-р байр), LTE/WiMAX-ийн хувьд хүн амын 10 хүрэхгүй хувьд хүрэлцээтэй (2016, 148-р байр), Өрх гэрүүдийн 25 орчим хувь нь интернетэд холбогддог (2016, 83-р байр), 1гега байт хөдөлгөөнт өгөгдлийн дундаж өртөг хагас доллар орчим байсан (2019, 220) нь маш бага байгааг илтгэж байна. Инновацийн экосистемээр 100 онооноос 43 оноо (2018, 94-р байр), Инновацийн компаний өсөлтөөр 7 баллаар үнэлэхэд 4 орчим (2018, 80-р байр), Судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр их сургууль, салбарын хоорондын хамтын ажиллагааг 7 баллаар үнэлэхэд 2,6 (2018, 126-р байр)
  • Хүн амын бэлэн байдлын хувьд. Монгол улсын хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшин 98 орчим хувь байгаа ба хөгжиж буй орнуудын залуусын бичиг үсэг тайлагдалтын түвшин хот хөдөөд болон хүйсийн хувьд ихээхэн ялгаатай байсан бол манай улсын хувьд хүйсийн хувьд бараг ялгаагүй байв. Дээд боловсрол эзэмшилтийн хувь 2018 онд хотод 50 гаруй хувь, хөдөөд 20 хүрэхгүй хувь байна. Их сургууль төгсөгчдийн ур чадварыг 7 баллаар үнэлэхэд 3,4 балл (119) байна. Интернет ашигладаг хүмүүсийн эзлэх хувь 20 орчим хувьтай (2016, 149-р байр). Гар утсаарх нийгмийн сүлжээний нэвтрэлт 60 гаруй хувь (2017, 25-р байр), Монгол хэлээрх гар утасны аппликейшний тоо 20 гаруй хувь (2017, 148-р байр), Идэвхтэй хүн амын дижитал ур чадварыг 7 баллаар үнэлэхэд 3 буюу (2017, 136-р байр), Ур чадвартай ажилчдыг олж авахад хялбар байдал 7 баллаар үнэлэхэд 2,7 (2018, 138-р байр),
  • Засгийн газрын дэмжлэгийн хувьд. Засгийн газрын зүгээс МХТ-д ач холбогдол өгч буй байдлыг 7 баллаар үнэлэхэд 3,9 орчим (2016, 73-р байр), Засгийн газрын дэвшилтэт технологийн худалдан авалтыг 7 баллаар үнэлэхэд 3,2 орчим (2016, 78-р байр), Цахим оролцооны индекс 0,72 орчим (2018, 40-р байр), Засгийн газрын цахим үйлчилгээний индекс 0,6 орчим (2018, 99-р байр)  гэж тус тус үнэлэгджээ.

0

Эндээс дүгнэхэд Монгол улсын хувьд дижитал шилжилт хийхэд дэд бүтцийн суурь нөхцөл болон засгийн газрын дэмжлэгийн хувьд боломжийн байгаа бол нийт хүн амын бэлэн байдал боломжийн түвшинд байгаа хэдий ч хөдөө орон нутгийн иргэдийн дижитал боловсролын хоцрогдлыг арилгах шаардлагатай байгаа нь харагдаж байна. 

0

0

Зураг 2. Дижитал шилжилт

0

Мал аж ахуйн үйл ажиллагааг нарийвчлах технологиуд

0

PLF нь хамгийн их бүтээмжтэй байхын тулд мал аж ахуйн үйлдвэрлэл, эрүүл мэнд, аж байдлыг цаг хугацааны агшин бүрт хэмжиж, хянах боломжийг олгодог. Дэвшилтэт технологиуд нь тасралтгүй хяналт тавих боломжийг олгосноор амьтдын эрүүл мэндийг сайжруулах шийдвэрийг гаргахад малчдад тусалдаг. Малчид үхрийнхээ байршил, сайн сайхан байдал, эрүүл мэндийн талаарх мэдээллийг цуглуулахад утасгүй юмсийн интернет програмуудыг ашиглаж болно. Эдгээр мэдээлэл нь өвчтэй амьтдыг тодорхойлоход тусалдаг бөгөөд ингэснээр тэднийг сүргээс тусгаарлаж, улмаар өвчин тархахаас сэргийлдэг. Мал аж ахуйн юмсын интернет нь зөвхөн амьтны нөхцөл байдлыг хянахаас гадна зарим тохиолдолд бэлчээрийн оновчтой талбайг хянадаг. Малын гаралтай түүхий эдийг мөшгих тогтолцоо (LITS) нь амьтдын хөдөлгөөнийг хянах боломжийг олгодог. RFID нь LITS-ийн харагдахуйц нэг элемент юм. RFID нь PLF-ийн хувьд хамгийн нийтлэг юмсийн интернетийн технологи юм. RFID хаягууд нь сайжруулсан баркодын үүрэг гүйцэтгэдэг тул амьтдыг хянах боломжийг олгодог. RFID технологи нь зөвхөн амьтдыг танихаар хязгаарлагдахгүй, ялангуяа идэвхтэй шошгуудад мэдрэгч нэмж өгснөөр биеийн температур болон хувьсах хэмжигдэхүүнүүдийг хянахад ашиглаж болно. RFID системийг ашиглан амьтны биеийн температурыг алсаас хэмжиж, өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө өвчтэй амьтдыг таних боломжтой. Мөн түүнчлэн фермерүүд юмсийн интернетэд суурилсан мэдрэгчийн тусламжтайгаар үхэрээ олох боломжтой тул RFID нь хөдөлмөрийн зардлыг бууруулдаг. Тиймээс энэхүү технологи нь амьтдын эрүүл мэндийг олон талаар сайжруулах боломжтой юм.

0

RFID-ийг Пакистаны мал аж ахуйд ашигласан туршлага:

0

Cowlar бол үхрийн эрүүл мэнд, үржил шим, байршил, ерөнхий үйл ажиллагааг хялбархан хянахад туслах зорилготой технологи юм. Пакистан нь дэлхийн гол сүү үйлдвэрлэгч улс орнуудын нэг гэдгийг үл харгалзвал нэг үнээнээс авах сүүний дундаж хэмжээ бусад үндэстнийхээс хамаагүй доогуур байв. Пакистаны Исламабад хотод төвтэй Ковлар компанийг үүсгэн байгуулагчид малчин бүрийн сүргийн үр ашгийг 5 хувиар нэмэгдүүлснээр тус улсын эдийн засагт 1 тэрбум гаруй доллар нэмж болно гэж үзэж байв. Суулгахад хялбар хүзүүвч болох ковлар нь ус нэвтэрдэггүй, баттерейний ашиглалтын хугацаа 6 сар байдаг. Хүзүүвч нь хөдөлгөөн мэдрэгчийг ашиглан нарны эрчим хүчээр ажилладаг суурь ба үүрэн холбооны цамхагуудаар дамжуулан малчдад өгөгдлийг дамжуулдаг. Малчдын хоршоонд нарны эрчим хүчний нэгж суурилуулсны дараа үхэрнүүдэд ковларыг зүүж бэхэлнэ. Ковларууд нь үхэрнүүдийн температур, үйл ажиллагаа ба зан төлөвийг хэмжиж, өгөгдлийг үндсэн станцаар дамжуулан серверүүд рүү илгээдэг бөгөөд цогц алгоритм дээр үндэслэн өгөгдлийг боловсруулж, хамгийн сайн хэрэгжүүлж болох зөвлөмжийг өгдөг. Малчид өөрсдийн сонголтоос хамааран сүргийнхээ мэдээллийг текст, автомат утасны дуудлага, онлайн самбараар дамжуулан авах боломжтой. Уг хүзүүвчийн захиалгын зардал нь сарын 3 ам.доллар ба энэ технологи нь малчдын хоршоонд ашиг орлогоо 30 хүртэл хувиар өсгөхөд тусалсан.

0

Блокчэйн технологи

0

Блокчэйн технологи нь хөдөө аж ахуйн бизнес эрхлэх аргад ихээхэн нөлөөлөх, талуудын итгэлцлийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн гинжин хэлхээгээр дамжин мэдээлэл солилцох ажлыг хөнгөвчлөх, хөдөө аж ахуйн гүйлгээний зардлыг мэдэгдэхүйц бууруулах асар их боломжтой юм.

0

Блокчэйн технологийг хөдөө аж ахуйн салбарт ашигласан жишээ гэвэл:

0

  • Хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд блокчэйнийг хэрэглэх боломж (Leon, Viskin and Steward, 2018)
  • Газрын бүртгэл
  • Хөдөө аж ахуйн даатгалын систем
  • Дижитал ID (FAO and ITU, 2019)
  • Хүнсний аюулгүй байдал зэрэгт хийсэн судалгаа юм.

0

Зарим том компаний туршлагыг авч үзвэл:

0

  • IBM-ийн Хүнсний Итгэлцлийн санаачилга нь Хятадын Walmart болон Цинхуа их сургуулийн хамтын ажиллагааг эхлүүлсэн юм. Уг хамтын ажиллагаа нь Dole, Driscoll’s, Kroger, Nestle, Tyson болон Unilever зэрэг компаниудыг нэгтгэн дэлхийн консорциум болж өргөжсөн юм. Энэхүү IBM-ийн платформоор өгөгдлийг хянах боломжтой байдал нь хүнсний зүйлийг дэлгүүрээс бэлтгэн нийлүүлэгч рүү нь буцаахад 7 хоног зарцуулдаг байсныг 2.2 секунд болгож бууруулсан байна. Ийм мөшгих чанар нь муудсан бүтээгдэхүүнийг таних боломжийг олгож, тэдгээрийг хэрэглэхээс нь өмнө эргүүлэн татах боломжийг олгодог.
  • Carrefour нь энэ тал дээр анхдагч бөгөөд 2018 оны 3-р сард хүнсний бүтээгдэхүүний блокчэйн технологийг Carrefour Quality Line Auvergne тахиандаа хэрэглэсэн анхны жижиглэнгийн худалдаачин болжээ. Одоогийн байдлаар энэхүү технологийг тахиа, өндөг, бяслаг, сүү, жүрж, улаан лооль, хулд загас, үхрийн махан стейк зэрэг амьтан, ургамлын гаралтай 9 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шугамд ашиглаж байна. Энэхүү технологи нь хэрэглэгчдэд ухаалаг утсаа ашиглан бүтээгдэхүүний QR кодыг уншуулан тухайн бүтээгдэхүүний талаарх малыг хаана, хэрхэн өсгөсөн, малчны нэр, ашигласан тэжээл ба эмчилгээ, чанарын стандарт хангасан байдал, малыг хаана нядалсан зэрэг бүрэн мэдээллийг татаж авах, ашиглах боломжтой болгосон.  Carrefour энэ технологийг 2022 он гэхэд бүх хүнсний бүтээгдэхүүндээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.
  • Хятадын цахим худалдааны Alibaba болон JD.com нь хүнсний бүтээгдэхүүний жинхэнэ байдалд хэрэглэгчийн итгэлийг сайжруулахын тулд блокчэйнээр баталгаажсан мөшгих аргыг ашиглаж байна. Бээжинд төвтэй JD.com нь Өвөрмонгол дахь Керчин компаниас үхрийн махыг Бээжин, Шанхай, Гуанжоугийн үйлчлүүлэгчдэд хүргэх явцыг хянаж эхлэв. Тэд мөн Австралийн экспортлогч InterAgri болон processor HW Greenham & Sons-той хамтран хар ангус үхрийн махыг үржүүлж өсгөсөн газраас нь боловсруулж, тээвэрлэх явцыг нь хянах чиглэлээр хамтран ажиллаж байна.

0

RFID болон блокчэйн технологийг хөдөө аж ахуйн салбарын үнэ цэнийн гинжин хэлхээнд нэвтрүүлэх дээрх олон улсын туршлагуудад үндэслэн Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний гинжин хэлхээний хувьд дижитал шилжилт хийснээр бий болох дараах загварыг бид санал болгож байна. 

0

0

Зураг 3. Хөдөө аж ахуйн салбарын санал болгож буй үнэ цэнийн гинжин хэлхээ

0

Дижитал шилжилт хийснээр дараах орц мэдээллийг оролцогч талууд дижитал технологиудыг ашиглан бий болгох юм. Үүнд,  Уур амьсгалын өөрчлөлт, Ургамал, амьтны аймгийн судалгаа, бүртгэл, Усны нөөцийн судалгаа, Малын тоо толгой, тэдгээрийн тархац, Малчдын тоо, тэдгээрийн тархац, Вакцинжуулалтын бүртгэл, Түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн бүртгэл мэдээлэл, Түүхий эдийн үнийн мэдээлэл, Үйлдвэрлэгчид, тэдгээрийн татан авалтын бүртгэл, Төлбөр тооцооны блокчэйнд суурилсан цахим систем, Үржил, ашиг шим, чанар (Малын үржил, ашиг шимийн гарц, чанар, өрсөлдөх чадварыг сайжруулах), Малын эрүүл мэнд (Мал эмнэлэг, малын эрүүл мэндийг сайжруулах), Үйлдвэрлэл, зах зээл (МАА-н бүтэээгдэхүүний бэлтгэл зах зээлийг дэмжих, эдийн засгийн эргэлтийг хурдасгах), Уур амьсгал, эрсдэл (Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай МАА-г хөгжүүлэх) зэрэг орно. 

0

БАХ(Бэлчээр ашиглагчидын холбоо)-ууд болон хоршоод нь нийлүүлж буй түүхий эдийнхээ гарал үүсэл, хэмжээ, чанарын талаарх мэдээллийг  энэхүү системд оруулснаар түүхий эд худалдан авагчдад чанарын баталгаа олгох, гарал үүслийн эргэн мөшгөх тогтолцоог нэвтрүүлэх суурь болно. Ингэснээр боловсруулах үйлдвэрүүд нь худалдан авч буй түүхий эдийнхээ түүх гарал үүслийг эргэн мөшгөх боломжтой болох юм. Түүнчлэн, түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээ нь тогтвортой, ил тод, найдвартай бөгөөд бэлтгэсэн түүхий эд нь хүрээлэн буй орчинд ээлтэй болохыг нотлох баталгааг олгох, улмаар үйлдвэрлэгчдийн гадаад зах зээл дэх маркетингийн стратеги сайжрах нөхцөл бүрдэнэ.

0

Уг их хэмжээний өгөгдлийг хиймэл оюун ухаан, машин сургалт зэргийг ашиглан боловсруулж төр, хувийн хэвшил, малчин хоршоод өөрсдийн үйл ажиллагааг оновчлох шийдвэрүүдийг гаргах боломжтой болно. Бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч, хэрэглэгч, улсын хожоо бүгд өснө.

0

Хөдөө аж ахуйн салбарт дижитал шилжилт хийснээр бид дараах үр дүнг хүлээж байна. 

0

  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл өсч, хөдөө орон нутгийн хүн амын амьжиргааны түвшин дээшилнэ
  • Хотжилт буурч, хотын асуудлууд багасна
  • Улс орон даяараа дундаж давхарга нэмэгдэж, орлогын хуваарилалт жигдэрнэ
  • Цаг хугацааг хэмнэж мэдээлэлд тулгуурласан оновчтой шийдвэр бий болно
  • Бэлчээрийн оновчтой менежмент хийх боломжтой болно
  • Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулна
  • Малын оновчтой тоо толгойг тогтоож, төрөөс бодлого хэрэгжүүлнэ
  • Малын зөв бүтэц бүрдэж малчин өрх олон эх үүсвэрээс орлого олдог болно
  • Малын чанартай, их хэмжээний түүхий эд бэлтгэх боломжтой болно
  • Өрсөлдөх чадвартай, өндөр үнэтэй, чанартай экспортын бүтээгдэхүүн бий болж Монгол брэндээр их хэмжээний гадаад валютын орлого олно
  • Улс орны эдийн засгийн дархлаа тогтоно. Хүнс, хөнгөн үйлдвэрийн салбар нь дотоодын 100 хувь хэрэгцээг хангах боломжтой болно.
  • Түүхий эд боловсруулалтаас эцсийн хэрэглэгч хүртэл харилцан ажиллах боломжтой өгөгдлийн систем бүхий бараг бүхэлдээ үнэ цэнэтэй гинж бий болно.

0

Дүгнэлт 

0

Энэхүү судалгааны ажлаар хөдөө аж ахуйн салбарт дижитал шилжилт хийх замаар богино болон урт хугацаанд эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэхийг судалж, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийн гинжин хэлхээний  шинэ загварыг танилцууллаа. Уламжлалт загварыг халж шинэ загварыг бий болгож чадсанаар үнэ цэнийн гинжин хэлхээн дэх оролцогч талуудын холбоо хамаарал нарийсч мэдээлэл цуглуулах болон оновчтой шийдвэр гаргахад нөлөөлж цаашлаад МУ-н эдийн засаг нэг салбарын хамааралтай бус солонгорсон экспорттой болж өрсөлдөх чадвар сайжирах болно.  

0

Дижитал шилжилт нь бизнесийн орчинг хялбар, илүү ил тод, хямд, бага нөөцөөр их бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бий болгох бөгөөд цахим шилжилтийн ачаар ажлын байр нэмэгдэж, бизнес процессууд илүү ил тод болж, байгаль орчинд илүү ээлтэй ногоон эдийн засагтай болох зэрэг эдийн засгийн маш олон боломжууд гарч ирж байна.

0

Хөдөө аж ахуйн салбарт дижитал шилжилт хийж буй бусад орны туршлагыг судлан үзэхэд дэлхийн зах зээл дээрх хэрэглэгчид бүтээгдэхүүнийг загвар, дизайн, хэрэглээг хангах талаас гадна тухайн түүхий эд бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн эсэх, үйлдвэрлэхэд байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл мөн эсэхийг нь харгалзаж үздэг болсон байна.

0

 Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт үнэ цэнийн гинжин хэлхээний удирдлагыг мэдээлэл технологид суурилсан баталгаажуулалтад үндэслэн малын гаралтай түүхий эдийн мөшгөх тогтолцоог стандартчилснаар малчид, БАХ-ууд бэлчээрийн тогтвортой байдал, бэлчээрийн менежментийн дадлуудыг нэвтрүүлж, хамгийн сайн чанарын малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бий болгож улмаар эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөг үзүүлж чадах юм.

0

Санал, зөвлөмж:

0

  • Бэлчээрийг сэлгэн ашиглах, отор нүүдлийг зайлшгүй хийдэг болгох хөшүүрэг бүхий механизмыг малчдын дунд бий болгох шаардлагатай байна.
  • Үндсэн төлөв байдлаа алдалгүй харьцангуй соргогоороо байгаа бэлчээрээ тогтвортой барих, доройтсон бэлчээрийн олон наст үет ургамлын сэргэлтийг дэмжих, идэмж муутай болон ашиггүй зүйл ургамлын эзлэх хувь хэмжээг бууруулах, хөрсний элэгдэл, эвдрэлийг богино хугацаанд эрчимтэй сааруулж чадах ашиглалтыг нэвтрүүлэх шаардлагатай байна. 
  • Бэлчээрийн доройтол нь малын тоо толгойг хязгаартай байлгахыг шаардаж байна. Ялангуяа бэлчээрт халтай ямаан сүргийн тоо толгойг хязгаарлах, бог малын хувьд өсгөж үржүүлж ирсэн уламжлалт харьцаа 75:25 хувь буюу 3 хонь, 1 ямаа гэсэн харьцаагаар өсгөж үржүүлэхэд татварын бодлогоор зохицуулах нь зүйтэй юм.
  • Мах, сүүн бүтээгдэхүүнийг орон нутагт үндсэндээ гар аргаар боловсруулсан хэвээр байгаа бөгөөд харин арьс, шир, ноос, ноолуурын маш багахан хувийг дотоодын үйлдвэрт боловсруулж, ихэнх хэсэг нь нэмэгдсэн өртөг шингээгүй, боловсруулалт хийлгүйгээр угаасан, самнасан байдлаар гадаад зах зээлд гаргаж байна. Иймд бүс нутгийн тулгуур төв болон шаардлагатай газруудад нь мал аж ахуйн түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийх, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг барьж байгуулах хэрэгтэй байна.
  • Газар тариалангийн бүс нутагт ашиг шим өндөртэй мал өсгөж үржүүлэх үүднээс, малын тоо толгойг газар тариалангийн үйлдвэрлэлтэй зөв харьцаатай хөгжүүлэх, малыг чанаржуулахад чиглэсэн үржлийн бодлогыг эрчимтэй явуулах, малчдын хөдөлмөрийг хоршуулах, бэлчээрийг усжуулахад чиглэсэн арга хэмжээ ихээхэн чухал байна.

0

Ном зүй:

0

I. Монгол хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл

0

[1] Лхам Ц.    ХБНГУ-ын цахим шилжилт, цахим хөгжлийн чиг баримжаа, түүний Монгол Улсад тусах нөлөө ӨГҮҮЛЭЛ

0

[2] Гончигсумлаагийн Ганзориг (Доктор, PhD) Гүржавын Энх-Амгалан (Магистр, MSc) Цабатширын Батнаран (Магистр, MSc)    © Байгаль орчин, хөдөө аж ахуйн эдийн засгийн хүрээлэн” ТББ, 2019

0

[3] ХХААХҮЯ-Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан “НОГООН АЛТ” төсөл

0

[4] ХХААХҮЯ-ы тайлан, 2019

0

[5] ДНБ-ий тайлан, 2020

0

II. Гадаад хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл

0

2.1 Англи хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл

0

[1] Orhan Özçatalbaş and Muhammad Imran, Linking Youth Empowerment with Agricultural Production and Food Security, Paper, 2019

0

[2] Madhu Khanna* Digital Transformation of the Agricultural Sector: Pathways, Drivers and Policy Implications, Paper, 2020

0

[3] Lawal Marafa, Julian May and Vincent Ado Tenebe, Upscaling Agriculture and Food Security in Africa in Pursuit of the SDGs: What Role Does China Play?, Paper, 2020

0

[4] Li Ma, Hualou Long, Lisha Tang , Shuangshuang Tu, Yingnan Zhang, Yi Qu, Analysis of the spatial variations of determinants of agricultural production efficiency in China, Paper, 2021

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн